"Icetop" хамтлагийн дуучин Кобид нэг жилийн хорих ял оноожээ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Чулуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002520401 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны  тавдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүхээс шүүгдэгч С.Чулуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

"С.ЧУЛУУНБАЯР ЯЛЫГ НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИД ЭДЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН"

Хип хоп "Icetop" хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Кобид холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.05.08/ 10.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болжээ. Шүүх хурлаар түүнийг гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ял оноосон байна. Ингэхдээ ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Дуучин Кобиг хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт буруутган шалгаж байсан. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-1-т зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буруутган шалгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ