Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ

АНУ-ын Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотод болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шувтаргын тоглолтод Испанийн шигшээ баг Аргентины багийг нэмэлт цагт 1:0-ээр хожлоо.

Тоглолтын цорын ганц гоолыг 106 дахь минутад Ферран Торрес оруулжээ.

Финалын тоглолтын завсарлагааны үеэр хаалтын шоу үргэлжилсэн бөгөөд шоу тоглолт эхлэхээс өмнө эхэлсэн юм. Уг шоунд дуучин Мадонна, Шакира, мөн Канадын поп дуучин Жастин Бибер нар оролцож уран бүтээлээ толилууллаа. Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) энэхүү хөгжмийн шоунд зориулж шувтаргын тоглолтын завсарлагааны хугацаа 15 минут байсныг бараг хоёр дахин уртасгаж, 27 минут болгосон байна.

Испани, Аргентины багууд ДАШТ-д хоёр дахь удаагаа хоорондоо таарч тоглолоо. Тэд анх 1966 оны ДАШТ-ий хэсгийн шатанд учраа таарч байсан бөгөөд тухайн үед аргентинчууд 2:1-ээр хожиж байсан юм.

Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ. Тус баг анх 2010 оны финалд Нидерландын шигшээг нэмэлт цагт 1:0-ээр хожиж, аваргын цом өргөж байсан юм. Испаничууд ДАШТ-ий финалд ердөө хоёрхон удаа шалгарчээ. Аваргын цомын тоогоор Испанийн шигшээ баг Франц, Уругвайн багуудтай зэрэгцэж ирсэн бөгөөд тэдний өмнө Бразил (5), Герман, Итали (тус бүр 4) болон Аргентины (3) багууд бичигдэж байна.

Аргентины шигшээ багийн хувьд энэ нь ДАШТ-ий долоо дахь шигшээ тоглолт байв. Аргентинчууд финалын тоглолтуудад гурван удаа (1978, 1986, 2022) хожиж, дөрвөн удаа (1930, 1990, 2014, 2026) хожигдол хүлээжээ. Ингэснээр хожигдсон финалын тоглолтын тоогоор Нидерландын багийг (1974, 1978, 2010) гүйцэж түрүүлэн, Германы багтай (1966, 1982, 1986, 2002) зэрэгцэв.

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ зургаадугаар сарын 11-нээс  АНУ, Канад, Мексик улсуудад явагдсан бөгөөд анх удаа 48 баг оролцлоо. Өмнөх буюу 2022 оны ДАШТ-ий финалд Аргентины шигшээ баг Францын багийг торгуулийн цохилтоор буулган авч түрүүлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ