Танилц: Шинээр барих болон шинэчлэн засварлах гудамж, замууд
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, явган зорчигч болон дугуйчдад ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Олон улсын Сэргээн босголт, хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хотын авто зам, тээврийн цогц тогтолцоог бүрдүүлэх зорилгоор гурван үндсэн чиглэлээр ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд иж бүрэн гудамж, авто зам барьж байгуулах, нийтийн тээврийн тогтвортой системийг бий болгох, авто зам, тээврийн төлөвлөлтийн үр дүнтэй институцийн тогтолцоог бүрдүүлэх ажлууд багтаж байна.
Төслийг хэрэгжүүлэхдээ Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн 10 стандартыг мөрдөж, байгаль орчинд ээлтэй, иргэдийн аюулгүй байдлыг хангасан шийдлүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь нийслэлийн хэд хэдэн гол гудамж, авто замыг “иж бүрэн гудамж”-ийн зарчмаар шинээр барих болон шинэчлэх ажил юм. Энэ нь зөвхөн автомашинд бус явган зорчигч, дугуйчин, нийтийн тээврийн хэрэглэгч, үйлчлүүлэгч зэрэг бүх төрлийн зам ашиглагчдад аюулгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд чиглэжээ.
Шинээр баригдах болон шинэчлэгдэх замуудад:
-Явган хүний зам
-Аюулгүй гарц
-Дугуйн зам
-Автобусны буудал
-Гэрэлтүүлэг
-Гэрлэн дохио
-Камержуулалт
-Ус зайлуулах байгууламж
-Ногоон байгууламж зэрэг иж бүрэн шийдлүүдийг агуулсан байна.
Дөрвөн шинэ зам барьж, хоёр гудамжийг шинэчилнэ
Төслийн хүрээнд дараах дөрвөн байршилд шинээр иж бүрэн гудамж, замыг шинээр барьж байгуулах, шинэчлэх засварын ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
-Нарны замын зүүн өргөтгөл – Баянзүрх дүүргийн тойргоос төмөр замын далан дагуу Улаанбаатар төмөр замын “Засвар үйлчилгээний төв” хүртэл иж бүрэн гудамж замыг шинээр барьж байгуулна.
-Сэлбэ голын баруун эргийн шинэ зам – Сүхбаатар дүүрэгт, 100 айлын гүүрнээс Хайлаасын гүүр хүртэлх Сэлбэ голын баруун эрэг дагуу иж бүрэн гудамж замыг шинээр барина.
-Яармагийн шинэ зам – Хан-Уул дүүрэгт, Наадамчдын авто замаас Чингис хаан олон улсын нисэх буудлын зам хүртэлх иж бүрэн гудамж замыг шинээр бий болгоно
-Улаанхуарангийн өргөтгөлийн зам
Харин дараах хоёр гудамжийг иж бүрэн гудамжийн стандартын дагуу шинэчлэхээр төлөвлөжээ.
-Өнөр хорооллын гудамжийг Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг иж бүрэн гудамж болгон шинэчлэн засварлана.
-Мөн Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс Содон хорооллын уулзвар, цааш Баянхошууны тойрог хүртэлх замыг иж бүрэн гудамж болгон шинэчлэн засварлах юм.
Шинээр барих болон шинэчлэн засварлах гудамж, замуудыг иж бүрэн гудамжийн концепцид тулгуурлан төлөвлөсөн бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдлыг системтэйгээр хангах, зам, гудамжны сүлжээний оновчтой ангиллыг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар зэрэг онцлог, давуу талуудыг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ