Д.Баярхүү: Эммануэл Макроны айлчлал нь Монгол, Францын харилцан айлчлалыг хоёр урсгалтай болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Монгол, Францын харилцаа болон айлчлалын ач холбогдлын талаар судлаач-профессор, Элчин сайд Д.Баярхүүтэй ярилцлаа.

-Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч анх удаа Монгол Улсад айлчлах гэж байна. Та Монгол, Францын харилцааны түүхийг судалсан хүний хувьд харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж ирсэн талаар юу хэлэх вэ?

- Монгол Улс 1911 онд туурга тусгаар улс гэдгээ зарлан тунхагласан. Даян дэлхийд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд 1912 онд дэлхийн есөн гүрэнд захидал бичсэний дотор Франц Улс багтаж байсан. Дараа нь 1913 оны нэгдүгээр сард Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид Хаант Оросын нийслэл Санкт-Петербург хотыг зорьсон. Тэнд гадаадын таван орны Элчин сайдын яаманд хандаж уулзах хүсэлт тавихад Франц Улс тэргүүн эгнээнд бичигдэж байсан. Манай хоёр улсын харилцаа тэр үеэс эхтэй юм. Мэдээж тэр үеийн удирдагчид санасандаа хүрч чадаагүй, тэр нь түүхэн учир шалтгаантай. Гэхдээ Франц Улс манай улсыг анхаарлынхаа гадна орхиогүй.

Монгол Улсыг хүлээн зөвшөөрүүлэх үйл явц Дэлхийн хоёрдугаар дайны дараа эхэлсэн. Олон улсын харилцаа, эрх зүйн субьект, тусгаар тогтносон Монгол Улс байна гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхэд Франц Улс де факто анхлан оролцсон улсын нэг. 1946 оны наймдугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тухайн үеийн БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх тухай яригдаж байхад тухайн үеийн Франц Улс хүлээн зөвшөөрч байсан. Тухайн үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүний гурав нь буюу ЗХУ, Хятад, Франц дэмжиж, АНУ, Их Британи түдгэлзсэн байдаг. Тэгэхээр 1946 онд Франц Улс Монгол Улсыг де факто хүлээн зөвшөөрч байсан. Энэ бол олон улсын эрх зүйн ойлголт.

1946-1961 онд НҮБ дэх Монгол Улсын гишүүнчлэлийн асуудал яригдах тоолонд, миний олж мэдсэнээр найман удаа яригдахад Франц Улс бүгдэд нь дэмжсэн санал өгч байсан. Ингээд 1961 онд Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсэж, Монгол Улс, Франц Улс 1965 оны дөрөвдүгээр сард дипломат харилцаа тогтоосон. Улмаар 1966 оноос Элчин сайдын яамдаа харилцан нээж эхэлсэн. Үндсэндээ Монгол, Францын харилцаа бол нэгэн жарны том түүх.

1965-1990 онд Монгол Улс ардчилал, шинэчлэлд шилжсэн, дэлхий даяар хүйтэн дайн дууссан энэ үеэс хоёр улсын харилцааны дараагийн үе эхтэй гэж хэлж болно. Энэ үед хоёр улсын харилцаанд хязгаар байсан, гэхдээ соёл, хүмүүнлэгийн салбарт эрчимтэй хөгжсөн. МУИС-д франц хэл, соёлоор оюутан сургаад нэгэн жарныг туулсан. Францад мөн ялгаагүй.

-Монгол Улсаас төр, засгийн тэргүүний түвшинд Франц Улсад хэд хэдэн удаа айлчилж байсан. Францаас төрийн тэргүүний түвшинд анх удаа хийж буй энэ айлчлалын ач холбогдол юунд оршиж байна вэ?

-Франц бол дэлхийн том гүрэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг. Европын Холбооны локомотив гүрэн. Энэ алдар Франц, Герман хоёрт байдаг. Ер нь өрнөд ертөнц, дэлхийд маш том нөлөө бүхий улс. Хоёр улс харилцаа тогтоосноос хойших нэгэн жарны хугацаанд Францын төрийн тэргүүн Монгол Улсад нэг ч удаа айлчилж байгаагүй. Нэгэн жарныхаа ойг тэмдэглэхээс хоёр жилийн өмнө Монгол Улсад төрийн айлчлалаар ирнэ гэдэг бол түүхэн гэж тодорхойлж болох үйл явдал.

Ардчилал, шинэчлэлийн жилүүдэд Монгол Улсаас Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар Францад айлчилсан. УИХ, Ерөнхий сайд, шадар сайдын түвшинд олон төлөөлөгчид айлчилсан. Францын талаас хоёроос гурван удаа Гадаад хэргийн сайдын түвшинд айлчилсан. Тэр дундаа 2016 онд Монгол Улс АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулж, дэлхийн 50 орны төр, засгийн тэргүүн, гадаад хэргийн сайд нар айлчлахад Францын Гадаад хэргийн сайд хүндтэй байр эзэлж байсан.

Тэгэхээр манай хоёр улсын хооронд айлчлал голцуу нэг талын урсгалтай байсныг Макроны энэ удаагийн айлчлалаар хоёр талтай болгож байна. Монгол Улс өнөөдөр үүнд хүрч чадлаа. Монгол Улсын гадаад бодлого, дипломат алба үүнийг хийж чадлаа. Аливаа хоёр улсын харилцаанд дээд, өндөр түвшний айлчлал онц их ач холбогдолтой байдаг. Айлчлал хоёр талаасаа урсгалтай байснаар цаашид харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжих, түншлэлийн түвшинд хүрэх бололцоотой болж байгаа юм.

- Айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана гэж албан мэдээнд дурдсан. Айлчлалын агуулгыг та хэрхэн харж байна вэ?

-Шат ахиулна, шинэ шатанд гаргана гэдэг нь нэг талаасаа нэгэн жарны хугацаанд сэв суугаагүй харилцааг түншлэлийн түвшинд хүргэх боломжтой гэсэн үг. Ингэж чадвал Европын Холбоо, баруун Европт манай том түнш, гуравдагч хөрш гараад ирлээ гэсэн үг шүү дээ.

Монгол Улс өнөөдөр зургаан улстай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Үүнээс ОХУ, БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны хоёртой нь манай улс Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. АНУ-тай Стратегийн түншлэлийн харилцаатай. Ингээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүний дөрөв дэх нь буюу Франц Улсаас манай улсад анх удаа төрийн айлчлал хийх гэж байна. Гадаад бодлого судалдаг, дипломат албанд ажиллаж байсан, Элчин сайдаар ажиллаж байсан хүний хувьд би Монгол, Францын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргээсэй гэж бодож явдаг.

Нөгөө талаар, харилцааг шат ахиулна гэдэг нь хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал. Улс төрийн түвшинд хүрсэн энэ найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, Монгол Улсын хөгжил дэвшилд таатай гадаад орчныг хангуулахад Европын Холбооны тэргүүлэх локомотив Франц Улс ямар үүрэгтэй байж болох вэ гэвэл хязгааргүй байж болно. Хэрвээ монголчууд ашиглаж чадвал Монгол Улсын хөгжилд дан нэмэх оноо авчрах бололцоотой.

Эх сурвалж:Itoim.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ