Хокусэйхо, Кирибаяма нар тавиас дээш хувийн амжилт үзүүллээ

Нацү башёгийн арав дахь өдөр манай хоёр бөх тавиас дээш хувийн амжилт үзүүлэв. Хокусэйхо А.Даваанинж маэгашира Мэйсэйг уватэнагэгээр, Кирибаяма Б.Лхагвасүрэн сэкивакэ Вакамотохаруг котэнагэгээр ялж, найм дахь ялалтаа авлаа. Мөн Чёошёома Г.Мөнхсайхан маэгашира Оношёог шитатэнагэгээр, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира Такарафүжиг ошидашигаар, Хоошёорюү С.Бямбасүрэн маэгашира Нишикифүжиг цүкиотошигоор, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ урьд нь дөрөв ялсан комүсүби Котоновакаг ёрикиригээр ялжээ. Харин Миторюү Б.Төрболд маэгашира Аойямад цүкидашигаар ялагдсан аж. Тэрүнофүжи есөн даваа, нэг унаатай, Хокусэйхо, Кирибаяма нар найман даваа, хоёр унаатай, Хоошёорюү долоон даваа, гурван унаатай, Чёошёомагийн даваа, унаа 6:4, Миторюү, Тамаваши нарынх 4:6. Нацү башёг есөн даваа, нэг унаатай маэгашира Асанояма, ёкозүна Тэрүнофүжи нар хошуучилж, нэг даваа дутуу маэгашира Хокусэйхо, Мэйсэй, сэкивакэ Кирибаяма нар араас нь нэхэж байна. Өнөөдөр Миторюү Дайшёохотой, Чёошёома Таканошотой, Тамаваши Ичиямамототой, Хокусэйхо сэкивакэ Вакамотохарутай, Кирибаяма Хирадоумитай, Хоошёорюү ёкозүна Тэрүнофүжитэй учраа таарав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ