Амьд донороос элэг шилжүүлэн суулгах “iLDLT Colloquium” группийн олон улсын хурал Улаанбаатар хотноо боллоо

Амьд донороос элэг шилжүүлж буй дэлхийн хөгжлийг сурталчлах, гишүүн орнуудын элэг шилжүүлэн суулгах багуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг International Living Donor Liver Transplantation Group нь хоёр жилд нэг удаа олон улсын хурлыг зохион байгуулдаг.

2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй тус групп өмнө нь  БНСУ, АНУ болон Белгийн Вант улсад хурлаа зохион байгуулж байсан энэ удаад Монгол Улсад ээлжит ‘’International LDLT Collquium -2023’’ Олон Улсын хурлыг 2023.05.26-ны өдөр зохион байгууллаа.

Тус хуралд дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНЭУ, Бельги улсуудаас 14 зочин профессор оролцов. Зочдын дунд Амьд донороос элэг шилжүүлэн суулгах групп (International Living Donor Liver Transplantation Group)-ийн ерөнхийлөгч, профессор Хирото Эгава байсан бөгөөд тэрбээр илтгэл тавьсан юм.

Олон улсын энэхүү нэр хүндтэй хурлыг Монгол Улсад “урьж”, зохион байгуулсан нь маш чухал ач холбогдолтойг тус хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн онцлон тэмдэглэсэн. Тэрбээр Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг Монголд нутагшуулахад гар бие оролцож байсан хүний нэг, мөн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтын төлбөргүй болгож, Эрүүл мэндийн даатгалаас зардлыг бүрэн даадаг болох хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар батлуулахад хуулийн төслийн ажлын хэсгийг ахалсан юм.

Олон улсын хурлын үеэр тэрбээр “Элэг солиулах мэс засал 120 сая төгрөгийн өртөгтэй. Хамтын төлбөрийн дагуу иргэн 40 орчим сая төгрөгийг төлж, үлдсэнийг нь Эрүүл мэндийн даатгалаас төлдөг байсан бол одоо Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг бүрэн даадаг болсон. Иргэд амьжиргааны зардлаа яах вэ гэж байхад эмчилгээ хийлгэнэ гээд 40 сая төгрөг гаргана гэдэг маш их санхүүгийн дарамт болдог. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн даадаг болсон нь зөв зохицуулалт. Нөгөөтэйгүүр хорт хавдар, архаг өвчний эмчилгээ удаан үргэлжилдэг.

 

 Байнгын эм уудаг учраас санхүүгийн асар их эрсдэлд оруулж, ядууралд хүргэх аюултай байдаг. Тийм учраас УИХ-аас барьж буй том бодлого бол иргэдээ өвдсөнөөсөө болж ядууралд өртдөггүй байх тогтолцоог бэхжүүлэхээр эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Нэг жишээ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг хамтын төлбөргүй болгож өгсөн энэ тогтолцоо юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.   

Дашрамд дурьдахад, Монгол Улс дэлхийн санхүү, эдийн засаг, техник технологийн өндөр хөгжилтэй, улсуудад хөгжсөн, анагаах ухааны оргил технологи болох элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг эх орондоо хийж эхлээд 10 гаруй жил өнгөрчээ. Манай эмч нар өндөр технологийг эмнэлзүйн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн дэлхийн 45 дахь улс болсон бөгөөд энэ хугацаанд амьд болон тархины үхэлтэй, цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг насан хүрэгсэд болон хүүхдэд нийт 290 гаруйг хийгээд байгаа юм.

Олон улсын  хуралд оролцохоор Монголыг зорьж ирсэн зочдыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Төрийн ордонд хүлээн авч уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулсан. Зочин эмч нар энэ үеэр Монгол Улсын Төрийн ордонд зочилж, монголчуудын амьдрал, түүх, ахуй соёлтой Төрийн ордон дахь уран зураг, эх бүтээлүүдээр дамжуулан танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлж байв.

Хавдар судлалын үндэсний төв болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багууд ‘’International LDLT Collquium -2023’’ олон улсын энэхүү хурлыг хамтран зохион байгуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ