Төсвийн тодотголд 21 тэрбум суулгаж, санал тоолох хар машиныг шинэчилнэ

УИХ-ын ээлжит сонгууль ирэх жил болохтой холбогдуулан санал тоолох хар машины программ хангамжийг шинэчлэх шаардлагатай болжээ.

Тодруулбал, хар машины программ хангамжийн хугацаа хэтэрч, шинэчлэх шаардлагатай учраас уг ажилд төсвийн тодотголоор 21 тэрбум төгрөг суулгахаар болжээ. Мөн Улсын бүртгэлийн төхөөрөмжийг шинэчлэхэд 26 тэрбум шаардлагатай бөгөөд үүнийг ирэх жилийн төсөвт суулгах юм байна.  

2023 оны төсөв батлах үеэр СЕХ-оос хар машины программ хангамжийн шинэчлэлд 21 тэрбум төгрөг суулгах санал оруулсан ч дэмжигдээгүй. Тиймээс энэ зардлыг төсвийн тодотголд оруулах саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаргаж, эрх баригчид зөвшөөрчээ.

Тэрээр "Шударга сонгууль явуулах нь хамгийн чухал асуудал. “Dominion Voting Systems” хар машин асуудалтай, хугацаа нь хэтэрчихсэн. 2023 оны улсын төсөв дээр СЕХ программ хангамжийг шинэчлэхээр 21 тэрбум төгрөг оруулах санал гаргасан боловч Засгийн газар энэ саналыг хүлээж аваагүй. Дараа нь ТББХ дээр оруулж ирсэн ч дэмжээгүй. Тиймээс улсын төсвийн тодотголоор сонгуулийн санал тоолох машины программ хангамжийн асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн ганцхан хүсэлт байна” гэсэн юм.  

Дашрамд дурдахад, хар машиныг манай улс 2012 оны сонгуулиас хойш ашиглаж байгаа билээ. 2020 оны Их хурлын сонгуулиар 2148 хэсгийн хороон дээр 2615 ширхэг санал тоолох төхөөрөмж ажилласан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ