Хятадын CSGO-ын хамгийн том лигт Монгол багууд илүүрхэж байна

CSGO-ын Хятад дахь хамгийн том тэмцээн "Perfect World Arena Premier League Season 4: Professional Division" энэ сарын 13-д эхэлсэн.

Дөрөв дэх удаа зохиогдож буй 161 мянган юанийн (77 сая төгрөг) шагналын сантай тэмцээнд Хятад болон Монголын шилдэг найман баг өрсөлдөж байна.

Тэмцээний дээд хүснэгтийн хагас шигшээ тоглолт өчигдөр болоход Монголын "ATOX Esports" баг Хятадад чансаагаараа хоёрт бичигдэж буй "Lynn Vision Gaming" багийг 2-1 (Inferno 12-16, Nuke 16-10, Ancient 16-12) харьцаагаар хожиж финалд шалгарлаа.

Харин нөгөө талд Монгол, Өмнөд Солонгос, Австрали, Индонез улсын тоглогчдоос бүрдэх "Team NKT" Хятадын чансааг тэргүүлэгч "Rare Atom" багийг 2-0 (Mirage 16-10, Inferno 16-6) харьцаагаар илүүрхэв.

Ийнхүү Хятадад болж буй хамгийн том тэмцээний дээд хүснэгтийн финалд Монгол багууд хоорондоо тоглохоор боллоо. "Mongolian duo" буюу kabal /Б.Бат-Энх/, dobu /Б.Ган-Эрдэнэ/ нар MiQ /Б.Тэмүүлэн/, cool4st /Б.Содбилэг/, yAmi /О.Ялалт/ нарын залуу тоглогчдоор хүч зузаатгасан шинэ баг erkaSt /Г.Эрдэнэцогт/, xerolte /М.Энхбат/ гэсэн хоёр монгол тоглогчтой NKT-ын эсрэг энэ сарын 17-ны 17:00 цагт тоглоно.

Тэдний ялсан нь гранд финалд шалгарах бол ялагдсан нь доод хүснэгтийн финал руу унаж Хятадын шилдэг дөрвөн багийн нэгтэй гранд финалын эрхийн төлөө тоглох юм.

Тэмцээний ялагч 70 мянган юань авах бол дэд байрт шалгарсан баг 35 мянган юанийн эзэн болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин