"EEGII COSMETICS" брэндийн үүсгэн байгуулагч Б.Энхчимэг: Хуримын нүүр будалтын дэлхийн аварга болоод тасралтгүй 30 минут уйлж билээ

Хуримын нүүр будалтын дэлхийн аварга, олон улсын нүүр будалтын сургагч багш Б.Энхчимэг: Монгол улс анх удаа нүүр будалтын дэлхийн аваргын цом авсан нь гайхалтай үйл явдал 2020 онд болж байлаа Хуримын нүүр будалтын дэлхийн аварга Б.Энхчимэгтэй ярилцлаа.

Тэрээр "EEGII COSMETICS" хэмээх өөрийн брэндийг үүсгэн байгуулаад зургаан жил болж буй.

-Ярилцлагынхаа эхэнд өөрийгөө танилцуулаач...

-Намайг Бат-Өлзий овогтой Энхчимэг гэдэг. Нөхөр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Нүүр будагч мэргэжилтэй.

-Та солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй юм билээ...

-Гэр бүлийнхэн маань аль бага байхаас л Солонгос улстай холбоотой ажиллаж, суралцдаг байсан болоод тэр үү сонирхлоороо их сургуульдаа солонгос хэлний орчуулагчийн ангийг сонгож байлаа. Өмнө нь солонгос хэлний оронд англи хэл сурдаг байж гэж их боддог байж. Харин одоо энэ их амжилтын үндэс суурь нь солонгос хэл болж, маш их нөлөөлсөнд баярлаж явдаг.

-Солонгос хэлийг хэр эзэмшсэн гэж боддог вэ?

-Мэдээж хувь хүний хичээл зүтгэлээс хамаарах зүйл. Чадах чинээгээрээ хэмжээндээ сайн сурсан гэж боддог шүү. Солонгос хэлээрээ дамжуулаад олон олон гоё ажил хийж, олон сайхан хүмүүстэй танилцаж, хөтөч хийнгээ олон ч газраар явж, нүд тайлсан даа.

-Энэ мэргэжлээрээ хэр удаан ажиллав?

-Оюутны дөрвөн жил зуны амралт болгоноороо Солонгос явж ажиллаад, сургалтын төлбөрөө олохын хажуугаар мэдлэгээ дээшлүүлчихнэ. Өвлийн амралт бүрээрээ Монголд үйл ажиллагаа явуулж буй солонгос газруудад ажиллангаа дадлага хийчихдэг байлаа. Сургуулиа төгсөөд хоёр жил орчим орчуулагчаа хийгээд, гэр бүлийн амьдрал зохиогоод ажлаа завсарласан юм. Мэргэжил минь надад маш олон боломжийг нээж өгсөн. Нүүр будалтаараа Солонгост мэргэжил дээшлүүлэх, EEGII COSMETICS брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх гээд л...Энэ болгонд үндсэн мэргэжил минь хэргээ гаргасан.

-Яагаад гэнэт нүүр будагч болчихов? Ер нь нүүр будагч мэргэжлийг хэзээ хаана эзэмшив?

-Мэдээж эмэгтэй хүн гэр бүлтэй, хүүхэдтэй болоод ирэхээрээ ухаан сууж, маш ихийг бодож эргэцүүлдэг юм билээ. Яг дуртай зүйлээ хийж амьдарч чадаж байна уу, цаашдаа энэ мэргэжлээрээ хэр амжилттай явах бол гэх зэргээр. Миний хувьд хүүхдээ харах хугацаандаа зүгээр суулгүй, Солонгосоос төрөл бүрийн хувцас, цүнх, нүүр будалтын бүтээгдэхүүнүүд оруулж ирж борлуулдаг онлайн шоп ажиллуулдаг байлаа. Тухайн үед Монголд нүүр будалтын урлаг эрчимтэй хөгжиж эхэлсэн юм. Бизнестэй минь холбоотой мэдлэг шаардагдаж эхэлсэн. Тэр үеэс л бага насны маань сонирхол сэдэрсэн гэх үү дээ. Би нүүр будалтад ерөөсөө л дуртай, хобби маань байсан. Хүн дуртай зүйлээ хийгээд ирэхээр ядарч, залхуурахыг огт мэддэггүй юм билээ. Нүүр будалттай холбоотой ямар нэг ажлыг хийхээр л өөрийн эрхгүй жаргалтай, хичнээн ядарсан ч хамаагүй эхэлснээ дуусгадаг, түүнээсээ кайф, эрч хүч, сайхан мэдрэмжийг авдаг байсан.

-Нүүр будахад юун дээр анхаарах ёстой вэ?

-Одоо үед охид бүсгүйчүүд маань нүүр будалтын талаар харьцангуй сайн мэдлэгтэй болж байгаа. Хүн бүрийн царай төрх ондоо. Танд байгалиас заяасан давтагдашгүй гоо үзэсгэлэн бий. Тэрийг хэрхэн арчлах, яаж авч явах нь танаас л шалтгаална. Ер нь хүн заавал будах албагүй л дээ. "Заавал будаарай" ч гэж хэлэхгүй. Өөрөөр хэлбэл хүний сонголт, үзэл бодол юм даа. Гэхдээ одоо үед орчин нөхцөлдөө тохируулаад будаж чаддаг байх нь бас нэг талын чадвар, үзүүлэлт болчихсон. Бид нүүрээ зүгээр л нэг будаад, олон янзын юм хольж түрхээд байгаа юм биш будалтаар арьсаа хамгаалдаг болсон, хэн нэгэнд таалагдах гэхээсээ илүүтэй өөртөө таалагдаж, өөртөө итгэлтэй байдаг болсон. Өөртөө итгэлтэй байснаар нийгмийн харилцаа, ажил, амьдрал дээрээ ч амжилттай байх нь элбэг.

-Та 2020 онд хуримын нүүр будалтын дэлхийн аварга болсон. Ийм тэмцээн болдог гэж бодсонгүй шүү...

-Тийм ээ. Ингээд ярихаар л яг тэр үеийн мэдрэмж мэдрэгдээд, хамаг биеэр цахилгаан гүйгээд байдаг юм (инээв). Өнгөрсөн арван жилийн хугацаанд туулсан бүхий л зовлон шаналлыг юу ч үгүй байхгүй болгочихсон гайхалтай үйл явдал нэг л өдөр тохиосон. Амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй цагийг энэ мэргэжилдээ зориулсан болохоор тасралтгүй 30 минут уйлж билээ (дахин инээлээ). Яг нүдний өмнүүр бүхий л амьдрал харагдаад өнгөрнө гэдэг л болдог юм билээ. Тун сайхан мэдрэмж шүү. Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг OMC Hair world буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2020 онд 75 дахиа зохиогдсон. Миний хувьд 2019 оноос хойш Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны Монгол улсын шигшээ багийн гишүүн болж, нүүр будалтын дэлхийн аваргын бүх тэмцээнд оролцсон. Ингээд 2020 онд хуримын нүүр будалтын дэлхийн аварга болсон доо. Монгол улс нүүр будалтаар анх удаа дэлхийн аваргын цом хүртсэн нь гайхалтай үйл явдал байлаа.

No photo description available.

-Нүүр будалтаар хаанах дэлхийд тэргүүлдэг бол?

-75 жилийн түүхтэй энэ тэмцээнд гэхэд Орос, Украин, Казахстаны артистууд тасралтгүй түрүүлсээр ирсэн. 2019 оноос хойш Азийнхан дээгүүр байрт орж тэргүүлсээр байгаа.

-Танд баяр хүргэе. Сар гарны өмнө Италид болсон үйл ажиллагааны талаар яриач. Олон улсын нүүр будалтын шүүгч, сургагч багш болсон байх аа?

-Дэлхийн аварга бүр цаашлаад дэлхийн холбооны сургагч багш International Educator болно гэдэг ямар үнэ цэнэтэй, хүндтэй зүйл болохыг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн OMC Hair World Global Jury Symposium Италийн Милан хотод болж өнгөрлөө. Тавиад орны 400 орчим ерөнхийлөгч, шүүгч, дасгалжуулагчийн өмнө Монгол улсынхаа нэрийн өмнөөс бэлтгэсэн бүтээлээ үзүүлэн, сургалт хийх нь маш их итгэл, хүндлэл, боломж, нэр төрийн хэрэг байсан нь мэдээж. Дэлхийн холбооноос албан ёсоор "Олон улсын сургагч багш" цомоо гардан авлаа. Өчүүхэн надад итгэл хүлээлгэн, цаашид хамтдаа илүү их зүйл хийж бүтээх үүдийг нээн өгч буйд талархаад баршгүй нь ээ. Дэлхийн шилдэг 30 сургагч багшийн хамт шүүгч, дасгалжуулагчдад итгэл тавилаа. Сургагч багш нар нь дэлхийн хэд хэдэн удаагийн аваргуудыг төрүүлсэн гайхалтай хүмүүс байсан. Ийм мундаг хүмүүстэй нэг баг болж хамтран ажиллана гэдэг нэг талаар сүрдэм байсан ч нөгөө талаар маш их урам зориг авлаа. Хийж бүтээх хүсэл, тэмүүллийг минь өдөөж, илүү том мөрөөдөл, зорилготой болгож өгсөн, өөрөө зааснаасаа илүү ихийг сурч, харж, мэдэрсэн, дэлхийн шилдгүүдтэй туршлага солилцсон үнэ цэнэтэй дөрвөн өдөр байсан. Гоё гоё ажлын саналады зөндөө олныг хүлээж авсан шүү. Үнэндээ бол 2020 онд дэлхийн аварга болохдоо Монгол гэдэг нэрээ дэлхийд дуурсгах юм сан гэсэн хүслээр дүүрч омогшиж байснаас хойш дахин Монголоороо омогших боломж олгосон цаг хугацаа байлаа. Энэ гайхалтай мэдрэмжийг дахин мэдэрсэндээ маш их баяртай байгаа.

-Бүсгүйчүүд хуримаараа ер нь элдэв баяр болоод хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохдоо мэргэжлийн нүүр будалтын артистад хандахын давуу тал юу вэ?

-Эмэгтэй хүний хамгийн үзэсгэлэнтэй харагддаг өдөр бол хуримын өдөр. Энэ ч утгаараа будалтууд дотроосоо хуримын будалт илүү тохиромжтой. Өнгөө хүртэл зөв сонгох хэрэгтэй. Тиймээс царай төрхөнд чинь тохируулан будах нүүр будагчид тэр өдрөө даатгах нь чухал.

-Монгол эмэгтэйчүүдийн арьс арчилгаа, нүүр будалтын тал дээр гаргадаг нийтлэг алдаа гэвэл...

-Эмэгтэйчүүд маань доорх нийтлэг алдаануудыг гаргадаг л даа. 1. Арьсаа дутуу цэвэрлэдэг. 2. Буруу бүтээгдэхүүн хэрэглэдэг. 3. Нойр, хоол, хөдөлгөөнөө тэнцвэртэй байлгадаггүй. 4. Өөрөө судалж биш ам дамжсан яриагаар бүтээгдэхүүн худалдаж авдаг. Манай орны цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгал, агаарын болон орчны бохирдол гээд олон хүчин зүйлээс болоод байнгын хамгаалалт, арчилгаа шаардагддаг. Арьсаа гоё, эрүүл болгоод араас нь арьсныхаа онцлогт тохирсон бүтээгдэхүүнээр будаж байгаарай. Нүүр будалтаас илүү чухал зүйл бол арьс арчилгаа. Мэдээж, элдэв асуудалгүй арьс будах мэдрэмж ямар гоё байдаг билээ дээ. Нүүр будахад мэдрэмж хамгийн чухал. Мэдрэмж, авьяас хоёр ганцхан хувь байхад л та 99 хувийг нь хичээл зүтгэлээрээ олоод авчихна. Ер нь ямарваа зүйлийг хийхэд байнгын давтамж, хувь хүний зүтгэл л чухал байдаг. Чадахгүй ч гэсэн оролдоод байвал алхам алхмаар сайжраад байна.

Сүүлийн үед монгол охид, бүсгүйчүүд үнэхээр хөөрхөн болсон. Бас маш гоё будна. Мундаг артистууд, багш нар ч их болж, бид ч хувь нэмэр оруулж буйдаа туйлын баяртай байгаа. Гэхдээ техникгүй, буруу будсан хүмүүс ч зөндөө. Тэдэнд туслах зорилгоор интернэт орчинд "EEGII COSMETICS" пэйж, "ИЛҮҮ ҮЗЭСГЭЛЭНТЭЙГЭЭР ГЭРЭЛТ" группээрээ дамжуулж, зөвлөгөө, мэдээлэл байнга хүргэдэг.

No photo description available.

-"EEGII COSMETICS"-ийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч...

-Мэргэжлийн багс, арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүний нэрийн брэнд "EEGII COSMETICS"-ээ байгуулаад зургаан жил болж байна. Анх л залуу хүний хийж бүтээх хүслээр зориглон, удаан судалж, есөн жилийн туршлага дээрээ үндэслээд, шат дараалан үйлдвэрлэж эхэлсэн. Гаднын нэртэй брэндүүдийн бүтээгдэхүүнтэй эн зэрэгцэх чанартай мөртлөө хэрэгцээнд яг л тохирсон, маш хямд үнэтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэх нь бидний хамгийн гол зорилго байсан ба эмэгтэйчүүдийнхээ хэрэглээнд тохирсон нийт зургаан төрлийн сагсны сет, дан багснууд, багс цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд, нүүр будалтын "Илүү тод, илүү үзэсгэлэнтэйгээр гэрэлт" дөрвөн цуврал бүтээгдэхүүн, арьс арчилгааны "Грэйс Дэй" цуврал 50 төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж, нэрийн арван дэлгүүрээрээ борлуулдаг. Бүтээгдэхүүн үнэтэй байвал л сайн гэсэн ойлголт үгүй болж байна. Үнэтэй бүтээгдэхүүнүүд реклам, зар сурталчилгаа, сав, баглаа, боодолдоо дийлэнхийг нь зарцуулдаг гэсэн судалгаа ч бий. Хамгийн чухал зүйл бол бүтээгдэхүүний орц, найрлага. Бид нэг үеэ бодвол харьцангуй сайн мэдээлэлтэй болсон. Арьсандаа хэрэглэх бүтээгдэхүүн, түүний найрлагад маш нухацтайгаар ханддаг болсон нь талархууштай. Гол нь арьсныхаа онцлогийг тодорхойлж, мэдэж аваад тохирсон найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх нь маш чухал. "EEGII COSMETICS" маань бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ аль болох органикалық, байгалийн гаралтай найрлагуудыг ашиглахыг гол зорилгоо болгодог. Иймээс арьс цочроох, арьсанд янз бүрээр сөрөг нөлөөлөх, таарч тохирохгүй байх магадлал хамгийн бага. Хэрэглэгчдэд маань таалагдаж, маш өндөр үнэлгээ өгч буйд маш баяртай байгаа.

-Гадаад зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргадаг уу?

-Бид 2019 оноос Орос, Хятад, Таиланд, Филиппин, Вьетнам, Казахстан, Узбекистан зэрэг улсад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Цаашид дэлхийн өнцөг булан бүрт харилцагчидтай болно гэсэн томоохон зорилгоо биелүүлж, 2022 оны аравдугаар сард Мьянмар, Япон, Эмират, Бангладеш зэрэг орон руу бүтээгдэхүүнээ экспортлох гэрээнд гарын үсэг зурсан. Цаашлаад эх орондоо 100 хувь бүх үйлдвэрлэлээ хийгээд, гадаад зах зээл рүү экспортолдог үндэсний томоохон брэнд болох алсын хараатай ажиллаж байна.

-Гол түүхий эдээ хаанаас авдаг вэ? Танай бүтээгдэхүүнүүдийн давуу тал...

-Хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг найдвартай нөхцөлд тогтоосон стандартын дагуу үйлдвэрлэх ёстой. Бид Солонгосын Sindo P&G, Green cos үйлдвэртэй хамтран ISO 22716 чанарын удирдлагын систем доор шинэ технологи, шилдэг найрлагаар бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Хүний биед хортой нөлөөлдөг бүх найрлагаас татгалзан, Vegan сертификаттай бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн маань хэрэглэгчдийн хайр хүндэтгэлийг улам ихээр татсаар байгаа билээ. PARABEN 0% MINERAL OILS 0% SYNTHETIC COLOR 0% ANIMAL ORIGIN INGREDIENTS 0% Гол нь судалгаа шинжилгээ, туршлагад тулгуурлан, арьс бүрийн онцлогт тохирсон, байгалийн гаралтай орц, найрлагуудыг сүүлийн үеийн дэвшилтэт технологитой илүү хослуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт очоод, зөв хэрэглэгдэх хүртэлх бүхий л шатанд бид олон улсын стандартыг мөрдөн ажилладаг болохоор хэрэглэгчид маань сэтгэл амар,итгэл дүүрэн хэрэглэх боломжтой.

-Залуухан бүсгүй гэхэд та тун завгүй байдаг бололтой...

-Сүүлийн үед өөрийгөө хараад нас явах тусам л хүн илүү даруу төлөв, улам завгүй болдог юм уу даа л гэж боддог боллоо. Хувийн бизнесээ хийгээд ирэхээр үнэндээ цаг наргүй зүтгэхээс өөр сонголт үгүй юм билээ.

-Гоо сайхны бүтээгдэхүүн худалдааны "Yesui beauty" арван салбар дэлгүүр, "Yesui Foundation" гээд л...

-Есүй гэдэг манай охины нэр л дээ. Охинтой болоод бодол санаа маань нэлээн өөрчлөгдсөн. "Yesui beauty" дэлгүүрийн тухайд гоо сайхны алдартай брэндүүдээс онцлох бүтээгдэхүүнүүд сүүлийн үед хэрэглэгчдийг ийш тийш нь явуулахгүйгээр нэг доороос авах боломж олгох зорилготой дэлгүүр юм. Түүн дотор манай EEGII COSMETICS брэнд багтдаг гэж ойлгож болно.

-Та "Есүй" сангийн үүсгэн байгуулагч гэсэн үү?

-Манай компани 2020 онд нийгмийн хариуцлагын хүрээнд ээж, хүүхдүүдийн төлөөх сайн дурын үйл ажиллагаа хийх "Есүй" санг байгуулсан бөгөөд сайн дурын үйл ажиллагаа, хандивын аянуудад олонтаа оролцсоор ирсэн. Ер нь нийт хэрэглэгчдийнхээ худалдан авалтын тодорхой хувийг сандаа хандивлан, худалдан авалтаараа дамжуулж, бусдад туслах боломж бүрдүүлээд, сайн үйлсийн олон үйл ажиллагаа хийнэ гэсэн зорилготой "Есүй" сангийн тухайд хүмүүст аль болох ихдүүлж багадуулахгүйгээр туслахыг хичээдэг. Дараа нь сэтгэл өег, сайхан болдог шүү. Эд материал, хөрөнгө мөнгөөр туслахаас гадна оюуны хөрөнгө оруулалт болгож, сургалтууддаа үнэ төлбөргүй хамруулж, ажлын байртай болгоно.

Эргээд тэр хүмүүсээ амжилттай, хөдөлмөрөөрөө сайхан амьдрахыг харах л бидний бахархал болдог доо.

-Хоёулаа сэдвээ өөрчилье. Хувийн тань амьдралыг сонирхож болох уу? Яаж энэ бүхнийг амжуулж байна аа?

-Мэдээж, ганцаараа энэ бүгдийг хийж, өнөөдрийн бяцхан амжилтанд хүрэх ямар ч боломгүй байсан. Аз болж намайг дэмждэг гэр бүл, найз нөхөд, олон дэмжигч байдаг. Дээр нь шижигнэсэн сайхан 30 ажилтан бий. Энэ олон хүний итгэл, сэтгэлээр л өдий зэрэгтэй яваа, нөхөр, хоёр хүүхэдтэй, жирийн нэгэн бүсгүй байна даа.

-Гэр бүлийн хүнтэйгээ хэрхэн яаж танилцав?

-Одоогоос 13 жилийн өмнө их сургуулиа төгсөөд, найзынхаа найзуудаар дамжин танилцаж байлаа. Арван жилийн нэг сургууль, сүүлд их сургуульд хүртэл хамт суралцаж явснаа танилцаад л мэдсэн шүү. Учрах ёстой хүмүүс нь цагийн эрхээр уулзсан юм уу даа. Одоо хөөрхөн хоёр хүүхдийн аав, ээж болчихсон, хамтдаа хүмүүжээд л, хамтдаа түүхээ бүтээгээд л явна.

-Ажил мэргэжлээсээ авдаг хамгийн сайхан мэдрэмж чинь...

-Яг будаж байхад тухайн хүний бодлыг маш сайн мэдэрч, ойлгодог болдог юм билээ. Ямар будалт хүсээд байна вэ, будалт нь таалагдаж буй эсэх, хэр аз жаргалтай байна вэ, өөртөө хэрхэн итгэлтэй болж байна вэ гээд л бүх сэтгэлийг нь хамт мэдэрдэг болсон. Гол нь будуулсан, хичээл заалгасан эмэгтэйчүүд маань өөртөө итгэлтэй болж, ажил амьдралд нь эерэг өөрчлөлтүүд гардаг нь л мэргэжлийн маань хамгийн сайхан мэдрэмж юм уу даа. Кино, уран бүтээлүүдийн хувьд дууссаных нь дараа хийсэн ажлаа үнэлээд, дүгнээд, алдаагаа олж, нэрээ хараад, үзээд суух хамгийн гоё мэдрэмж төрүүлдэг.

-Эцэст нь охид, бүсгүйчүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Ямар нэг зүйлд чин сэтгэлээсээ хандаж, дуртай зүйлдээ үнэт цагаа зарцуулаад, хичээж, зүтгэж байгаа цагт шагнал нь нэг л өдөр ирдэг юм байна. Миний хувьд нэг будаад л дэлхийн аварга болчихож байгаа зүйл огтоосоо биш. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрлөсөн, зүтгэсний минь хариу гэж бодож байгаа. Тэр хугацаагаа зөв, үр дүнтэй ашиглаарай. Бүхий л зүйлд талархаж сураарай. Өөрийгөө хайрлахаа битгий мартаарай гэж хэлье дээ.

-Ярилцсанд баярлалаа. Ш.Эрдэнэтөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.94.147)
    Үзэсгэлэнтэй бүсгүй байна.
    2023 оны 06 сарын 30 | Хариулах