"Оюу Косметикс" компанийг үүсгэн байгуулагч Д.Төгс-Оюун: Манайх бүтээгдэхүүнээ өндөр хөгжилтэй орнуудад нийлүүлдэг

 

 Нутаг нэгтнүүд маань дэлхийн дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч байна. Хүний нутагт амжилттай яваа нэгэн бүсгүйтэй цахимаар ярилцсанаа уншигч та бүхэнд толилуулъя. Түүнийг Д.Төгс-Оюун гэдэг. "Оюу Косметикс" компанийг үүсгэн байгуулагч тэрээр гэр бүлийн хамт Америкт амьдарч буй.

-Ярилцлагынхаа эхэнд та өөрийгөө танилцуулаач...

-Намайг Даваадоржийн Төгс-Оюун гэдэг. Одоогоор санхүүгийн компанид ахлах мэргэжилтэн, "Оюу Косметикс" компанийг үүсгэн байгуулагчаас гадна "Цахиурын хөндийн старт-ап"-т хамтран үүсгэн байгуулагчаар ажиллаж байна.

-"Оюу Косметикс"-ыг яагаад үүсгэн байгуулав?

-Ер нь эрүүл ахуй болон хүний биед хоргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олонд хүргэх зорилгоор үүсгэн байгуулсан юм, компаниа. Бид оффис түрээслээд, бизнесээ эрхэлдэг. Нөхөр маань техник талаас нь хариуцаад ажиллаж байгаа. Харин маркетингийн баг Монголд ажилладаг л даа.

-Тэгвэл органик гоо сайхны бүтээгдэхүүн гэж юу вэ?

-Байгалийн гаралтай, пестицид ионжуулагч гэх мэтийг ашиглаагүй, доторх агууламж нь 95 хувиас дээш, Органик USDA Organic шошготой бүтээгдэхүүнийг л органик гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг. Мөн сав, баглаа, боодол нь байгальд ээлтэй байх ёстой. Ер нь л өндөр шаардлагатай шүү.

-Уламжлалт буюу монголчуудын олон жил хэрэглэсээр ирсэн химийн гоо сайхны бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай вэ?

-Органик гоо сайхны бүтээгдэхүүн нь биед хурдан шингэхээс гадна удаан хугацаанд илүү үр дүнтэй үйлчилдэг. Химийн гоо сайхны бүтээгдэхүүнд хортой бодис хийж, хадгалах хугацааг хүчээр сунгадаг бол органик гоо сайхны бүтээгдэхүүнд тийм бодис хийдэггүй. Тиймээс хадгалах хугацаа нь илүү бага байдаг. Мөн таны арьсанд хэрэгтэй витамин, уураг, хүчлийн хэмжээ органик бүтээгдэхүүнд илүү их байдаг л даа. Жишээ нь, энгийн нүүрний серум усан суурьтай байлаа гэхэд 90 хувь нь уснаас бүрдсэн байвал үлдсэн 10 хувь нь таны арьсанд хэрэгтэй хөгшрөлтийн эсрэг орц, найрлага, тос агуулсан бүх магадлалтай. Харин органик бүтээгдэхүүний 95 хувь органик гаралтай орц, найрлагатай байдаг тул таны арьсанд хэрэгтэй орцоор дүүрэн гэсэн үг.

No description available.

-Танайх зах зээлд ямар ямар бүтээгдэхүүн нийлүүлдэг вэ?

-"Оюу Косметикс" компани нь арьсны асуудалтай хүмүүст зориулсан Монгол гарал үүсэлтэй орцоор баялаг экзимний тос, хуурай арьс болон сахал арчилгааны бүтээгдэхүүнүүдээс гадна аюурведийн, монгол халгай гэх мэт орц, найрлагатай үс өтгөрүүлэх тос гаргаж байгаа. Сүүлд хөгшрөлтийн эсрэг органик бүүстэр серум, байгалийн гаралтай бакучиолтой серум зах зээлд нийлүүлдэг болсон. Байгалийн гаралтай бакучиолтой серум гэдэг нь ретинолын байгалийн гаралтай орлогч юм л даа. Мөн нүүрний үрчлээний эсрэг бальзам, нүүр цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдээ Америкт вебсайтаар, Этси бас Валмартаар борлуулж байна.

-Органик гэхээр бусад бүтээгдэхүүнээс илүү үнэтэй байх нь мэдээж...

-Сарнайн органик эфирийн тос гэхэд л 5,000 кг буюу 5 тонноос ганцхан литр эфирийн тос гаргаж авдаг учраас өөр хольцтой бүтээгдэхүүнээс илүү үнэтэй байх нь аргагүй. Гэхдээ үнэ нь бүүр тэнгэрт хадсан байх албагүй.

-Та ажилчдаа шилдгийн шилдэг нь гэж хэлж чадах уу? Цалин мөнгөний асуудлаа хэрхэн шийддэг вэ?

-Энэ асуултад хариулахгүй байж болно биз дээ? (инээлээ) -Болно л доо. Гэхдээ яагаад? -(дахин инээгээд) Бизнесийн нууц аа.

-Бүтээгдэхүүнээ хэрхэн яаж борлуулдаг чинь сонирхолтой байна...

-"Оюу Косметикс"-ын бүх бүтээгдэхүүн "Амьтад дээр туршдаггүй" гэсэн гэрчилгээтэй. Мөн веган буюу амьтны гаралтай түүхий эд, орц, найрлага ашиглаагүй бүтээгдэхүүнүүддээ ВЕГАН шошго авсан. Бас хамгийн хэцүү нь болох Америкийн Байгаль орчны ажлын хэсгээс "Хүүхэд болон насанд хүрэгчдэд хавдар үүсгэхгүй" гэсэн гэрчилгээ авсан. Эдгээр гэрчилгээг авснаар вебсайтаар нь дамжуулж, ихэнх захиалга орж ирдэг.

-Компаниа байгуулахаас өмнө ямар ажил эрхэлдэг байв?

-Их сургуулиа төгсөөд "Цахиурын хөндийн старт-ап"-т санхүүгээр ажилласан. Дараа нь бизнес эрхэлсэн дээ.

-Алс хол Америкт монгол хүн тэр тусмаа монгол бүсгүй ийм амжилттай явах хэцүү шүү...

-Хэцүү, шантармаар үе их олон тохиолддог ч холын зорилготой, алсын хараатай хүн жижиг чулуунд бүдэрдэггүй. Харин ч өөрийгөө өдөр бүр хөгжүүлж, хамгийн ихээр хичээж, шаргуу хөдөлмөрлөснөөр зорилгодоо хүрч болдгийг мэдрээд байна. Сайхан хамт олон, сайхан гэр бүл, сайн ханийн ачаар олон ажилд түүртэлгүй, нэгэн зэрэг амжуулчихдаг л юм.

-Танд бэрхшээл саад бишгүй тохиолдож байсан биз? Тэр бүхнийг хэрхэн давдаг вэ?

-Нэг алхам урагшлахад хоёр алхам ухрах талтай байдаг, ямар ч бизнест. Хийсэн буруу алхам маань сургамж болж, алдаан дээрээ суралцаж л явна даа. Энэ жилийн зорилгоо, тав, арван жилийн зорилгоо, ер нь л бүх зүйлийг тодорхой бичсэн учраас жижиг саад бэрхшээл бишгүй тохиолдоно. Анх үл ялиг жижигхэн зүйлээс хүртэл эмзэглэдэг байсан бол одоо тэр бүхнийг хаяж сураад, илүү чухал цаг зарцуулахыг эрмэлздэг болсон доо.

-Ингэхэд та баян хүн үү?

-Сайхан гэр бүлтэй, эрүүл саруул өсөж торниж байгаа хүүхдүүдтэй, үргэлж тусалж дэмждэг ханьтай хүн дээ, би. Бас ээж минь эрүүл саруул байгаад чин зүрхнээсээ ямагт талархаж явдаг, сэтгэлээрээ баян нэгэн билээ.

-Ер нь нэг бүтээгдэхүүн гаргахад хэр уддаг вэ? Одоо танайх ямар бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байна вэ?

-Удахгүй хүүхдүүд ч түрхэж болохуйц органик найрлагатай уруул өнгөлөгч гаргах төлөвлөгөөтэй байгаа. Нэг бүтээгдэхүүн гаргахад 3-12 сар зарцуулдаг. Эхлээд судална, шинжилгээнд явуулна, шошго гэх мэт их удаан үйл явц шаарддагддагаас тэр л дээ.

-Дэлхийн зах зээлийг сонирхож байна уу?

-Дэлхийн зах зээл маш том шүү дээ. Гэхдээ манай "Оюу Косметикс"-ын бүтээгдэхүүнийг Канад, Герман, Их Британи, Итали зэрэг өндөр хөгжилтэй улс авч хэрэглэдэг.

-Америкт амьдраад хэдэн жил болж байна вэ?

-Хэлний курст 45 хоног суралцахаар Америкт анх хөл тавьж байлаа. Дараа нь магистраа хамгаалах гэж хоёр жил болсон. Тэгээд Монголд мэргэжлээрээ нэг жил ажиллаад, буцаад энд ирлээ. 2016 оны 12-р сараас хойш гэхээр өдгөө энд зургаан жил болох гэж байна.

-Энэ улсад анх очиж байсан үеэ дурсвал...

-Анх Вашингтон мужийн Сиэтл хотноо хэлний бэлтгэлд очиж билээ. Тэгэхэд нэг их гоё орчинд очсон мэт, дандаа гадаад оюутнуудтай хамт сурч, сайхан цаг хугацаа өнгөрсөн.

-"Оюу Косметикс"-ын захирал Төгс-Оюун, Америкт дөнгөж ирээд байсан Төгс-Оюун хоёрын хооронд тэнгэр, газар шиг ялгаа бий нь мэдээж...

-Америкт анх хөл тавихдаа айлын эрх охин байлаа. Тэгэхэд ажил хийж үзээгүй, Америкийг маш гоёор төсөөлнө. Төдөлгүй ая тухтай бүсээсээ гарч, хийж үзээгүй юмаа хийж эхэлсэн. Давуу болон дутуу талаа тодорхойлоод, муу дээр нь илүү ажиллаж, давуугаа улам сайжруулж ирлээ. Цаг хугацаатай өрсөлдөж, олон мэдээлэлтэй эрин үед байнга өөрийгөө голж хөгжүүлж эхэлсэн таван жилийн өмнөх би өнөөгийн Төгс-Оюунаар бахархах хэвшлийг өнөөдрөөс эхлэх болсон.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг 2006 онд бакалавр, 2010 онд Америкийн Голден Гэйт их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Мөн 2018 онд Америкийн Иэлийн их сургуульд эрүүл ахуйн шинжлэх ухаан, 2019 онд Стэнфордын их сургуульд шим тэжээл мэргэжлээр сурч, 2020 онд Англид органик гоо сайхны химич, 2021 онд Проадвайзер КБИ онлайн көүч, 2022 онд маркетингийн бүүткамп көүчийн диплом өвөртөлсөн.

-Та гурван ч ном туурвиж...

-"Мацгийн тухай", "Өөрийгөө нээхгүй Өөрөө өөртөө туслах" номоо англиар, "Завсарлагатай мацаг" номоо монголоор бичсэн.

-Яагаад мацаг гэдэг зүйлийг сонирхох болов?

-Удаан судалж, ажигласны эцэст турах хамгийн аюулгүй аргуудын нэг нь завсарлагатай мацаг болохыг мэдэж авсан. Энэ нь биед гарч буй өөрчлөлтүүд, толгой улам сийрэгжиж, шинэ бизнес санаа, чухал шийдвэр гаргахад маш оновчтой шийдэл юм даа.

-Ер нь таныхаар мацаг гэж юу вэ?

-Мацаг гэдэг нь тодорхой нэг шалтгааны улмаас хоол эсвэл уух юмаас түтгэлзэхийг хэлж байгаа юм.

-Тэгвэл мацаг барихын ач тус...

-Мацаг барихын ач тусыг дурдаад дурдаад баршгүй л дээ. Юун түрүүнд хавдрын эрсдэлийг бууруулж, хавдрын эмчилгээг хөнгөвчлөн, химийн эмчилгээний гаж нөлөөг багасгадаг.

-Цусны даралт тогтворжуулж, зүрх өвчлөхөөс сэргийлнэ.

-Бие махбодын үрэвслийг багасгана.

-Арьсыг илүү цэвэр, өнгөлөг болгодог.

-Улам залуужсан мэдрэмж төрүүлж, хөгшрөлтийн явцыг удаашруулна.

-Мэдрэлийн шинэ эсийн өсөлтийг нэмэгдүүлж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг.

-Хэвлийн өөхийг маш хурдан арилгаж, гэдэс дүүргэлтийг багасгана.

-Альцгеймерийн өвчнөөс сэргийлж, хүндрэлийг багасгадаг.

-Нууц биш бол номуудаа хэдэн хувь хэвлүүлэв? Америкийн зах зээлийг Монголтой харьцуулах хэрэггүй л дээ...

-Монголд цөөхөн ширхэг хэвлүүлээд, номын дэлгүүрт борлуулж байгаа. Америкт цахим ном хэлбэрээр бас цаасаар хэвлүүлсэн. "Амазон" болон "Барнес энд Нобелс"-т зарагддаг.

-Америкчууд номыг тань хэр худалдан авч байна вэ?

-Худалдаанд дөнгөж гарахад нь америкчууд их олноороо авч байсан шүү. Бүр "Шим тэжээл" категори дээр тэргүүлсэн удаатай.

-Эх орноо санадаг л байлгүй. Хамгийн сүүлд хэзээ ирэв?

-Эх орон, гэр бүл, хамаатан садан, найзуудаа мэдээж саналгүй л яах вэ. Хамгийн сүүлд ноднин долдугаар сард нутагтаа очоод, "Завсарлагатай мацаг" номын нээлтээ хийлээ.

-Та гэр бүлээ танилцуулаач...

-Манайх хүү, охин хоёртой. Хүү маань найман настай, дөрөвдүгээр ангид сурдаг. Тавтайдаа бэлтгэл ангид орсон юм. Уул нь гуравдугаар ангид орох байсан чинь онц сурдаг гээд нэг анги дэвшчихсэн (инээв). Хичээлээ сайн хийж, хичээж яваа хүү минь их олон найзтай, нийтэч нэгэн. Охин маань гурван настай, цэцэрлэгт явдаг. Их эрт биеэ даасан шүү.

No description available.

-Нөхөртэйгээ хэрхэн танилцав?

-16 жилийн өмнө найзуудаараа дамжуулж танилцсан юм. Сайхан бүх дурсамж маань түүнтэй холбоотой байдаг даа.

-Таны цаашдын төлөвлөгөөг сонирхож болох уу?

-Цаашид "Оюу Косметикс"-тоо нэлээн анхаарч ажиллана аа. Чамгүй олон ч зорилго тавьсан. Тэдгээр зорилгодоо хүрч биелүүлэхийн тулд бүхнийг дайчилж ажиллана даа. Мөн көүчинг, онлайн сургалтууд эхлэх гэж байгаа, хэдэн найзтайгаа нийлээд. Хэд хэдэн "Цахиурын хөндийн старт-ап"-т хамтран үүсгэн байгуулагчаар ажиллах санал ирээд байгаагаас илүү ирээдүйтэй төсөл дээр ажиллана. Их олон хүнд хэлэхээс санаа зовмоор мөрөөдөлтэй. Гэхдээ мөрөөдлүүд маань зорилго болж, эдгээрт хүрэх арга зорилтоо тодорхойлох л үлдээд байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Амжилт хүсье. Ш.Эрдэнэтөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (174.195.85.1)
    Ene huuhen odoo boltol ulgeruudee yarisaar l yawaamuu. Baahan neegeed haysan company, online course hicheeluudeer ooriigoo coach geed nerlesen hun baina lee. ANU-d hen ch ene busguin yariand itgedeggui baigaa.
    2023 оны 09 сарын 12 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    A (202.21.108.15)
    Ih mundag busguu bn, amjilt husiy
    2023 оны 08 сарын 12 | Хариулах