Apple компани “Ipone 15” загварын гар утсаа танилцууллаа

"iPhone 15" танилцууллаа.

Apple компани жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа өнгөрсөн шөнө зохион байгууллаа. Энэ үеэр "iPhone 15" загварын шинэ ухаалаг гар утасныхаа дөрвөн өөр хувилбарыг танилцуулснаас гадна "Apple Watch Series 9", "Apple Watch Ultra 2" ухаалаг бугуйн цагны шинэ загварууд, USB-C цэнэглэгчтэй "AirPods Pro" чихэвч, "iOS 17", "watchOS 10", "macOS Sonoma" үйлдлийн системийн шинэ хувилбаруудаа танилцуулсан юм.

iPhone 15:

iPhone 15 цувралын стандарт загвар нь 6.1 (iPhone 15) болон 6.7 (iPhone 15 Plus) инчийн дэлгэцийн хэмжээ бүхий хоёр хувилбартай. Гаднаасаа харагдах гол өөрчлөлт нь цэнэглэгч портоо анх удаа Lightning стандартаас USB-C стандарт болгон сольсон байна.
 
Харин дотор талдаа хэд хэдэн шинэчлэлт нэвтрүүлжээ.

Тухайлбал дэлгэцийн дээд талын “Dynamic Island” (чанга яригчийн нүхийг багтаасан хар хэсэг) өмнө нь зөвхөн iPhone 14 Pro загваруудад байсан бол энэ удаа iPhone 15 стандарт загваруудад нэвтэрсэн байна.
 
Мөн iPhone 14 Pro загваруудад ашигласан A16 чипийг энэ удаа шинэ стандарт загваруудад суулгажээ.

Камерын хувьд 14 цувралын стандарт загварууд 12MP-ийн үндсэн камертай байсан бол 15 дээр 48MP болж эрс сайжирсан байна.

Мөн дурангийн оптик таталтын хүч нь өнгөрсөн оны стандарт загваруудад 1х байсан нь 2х болж нэмэгджээ.

Хөнгөн цагааны хайлшаар хүрээлсэн эх биетэй стандарт загварууд нь хар, хөх, ногоон, шар, ягаан өнгөний сонголт бүхий шилэн артай байх юм.

iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max:

iPhone 15 цувралын Pro загвар нь мөн стандарт загвартайгаа адил 6.1 (Pro) ба 6.7 (Pro Max) инчийн дэлгэцийн хэмжээгээр ялгаатай хувилбаруудтай юм байна. Мөн адил цэнэглэгч порт нь USB-C стандартад шилжсэн. Гэхдээ нэг ялгаа нь уг портоор цэнэглэхээс гадна стандарт загвартай харьцуулахад 20 хүртэл дахин өндөр хурдаар (10Gbps) дата дамжуулдаг юм.

Гадна талд нэмэгдсэн бас нэг том өөрчлөлт нь Action Button хэмээх физик товч болжээ. Өмнөх загваруудад энэ нь хонхыг нээж хаах үүрэгтэй товч байсан бол энэ удаа хүссэн зориулалтаараа үүргийг нь өөрчилж болдог товч болсон байна.

Тухайлбал үүнийг камер идэвхжүүлэх, гар чийдэн асаах, дэлгэцийг томруулж харах зэрэг өөр үүрэгтэй товч болгон тохируулж болно.

Үйлдвэрээс ирэхдээ энэ товч хонх нээх, хаах үүрэгтэй тохируулагдсан байх юм.
 
Гадна талын өөр нэг өөрчлөлт нь хийцийн материал болжээ. Apple компани энэ удаа Pro загварынхаа эх биеийг сансрын хөлгийн үйлдвэрлэлд ашиглагддаг титанаар хүрээлсэн байна. Титан нь нягт болон жингийн харьцаа хамгийн сайн металлуудын нэг тул өмнөх бүх Pro загваруудаас хамгийн хөнгөн жинтэй болсныг Apple онцолжээ. Бас дэлгэцийн хүрээ өмнөхөөсөө нимгэрэхэд титан хийц нь нөлөөлсөн гэнэ.

Дотоод бүтцийн хувьд хамгийн сүүлийн үеийн A17 чип, 48MP-ийн үндсэн камераар тоноглогдсон байна.

Дурангийн оптик татах хүч Pro хувилбарт 3х бол Pro Max хувилбарт 5х болжээ.
 
Өнгөний хувьд хар, цагаан, хөх титан, байгалийн титан (natural titanium) гэсэн дөрвөн сонголттой юм байна. iPhone 15 Pro хувилбар Баасан гарагаас эхлэн захиалга авч, 22-ны өдрөөс эхлэн худалдаанд гарахаар болжээ.
 
Apple Watch Series 9, Apple Watch Ultra 2:
 
Ухаалаг бугуйн цагны шинэ загвар Apple Watch Series 9 нь өмнөхөөсөө сайжирсан шинэ S9 процессортой болж, “all-day” буюу бүтэн өдөр ажиллах багтаамж бүхий батарейтай болсон байна.

Дуудлага авах, сэрүүлэг зогсоох зэрэг энгийн үйлдлүүдийг эрхий болон долоовор хуруугаар зэрэг дараалан хоёр удаа товшиж гүйцэтгэх боломжтой “Double tap” гэдэг шинэ функцтэй болжээ.

Ягаан өнгө болон сайн чанарын ган (stainless steel) хийцийн шинэ сонголт нэмэгдсэн байна.

Харин байгаль орчинд ээлтэй байх үүднээс арьсан оосрын сонголтыг хасжээ.

Series 9 загварын GPS хувилбар есдүгээр сарын 22-нд худалдаанд гарах юм байна.
 
Экстрем спорт сонирхогчдод зориулсан Apple Watch Ultra ухаалаг бугуйн цагны хоёр дахь үеийн загварыг өчигдөр бас танилцуулсан юм. Уг бүтээгдэхүүнд Series 9 загвартай адил шинэ боломжууд нэмэгдсэнээс гадна дэлгэцийн дүрслэх чадвар нь 3,000-nit болон сайжирч, нэг цэнэглэлтээр хэмнэлттэй горимд 72 цаг ажиллах багтаамж бүхий батарейтай болсон байна.

GPS болон үүрэн холбооны ганц сонголттой Ultra 2 загвар 22-ны өдрөөс эхлэн худалдаалагдах юм.

USB-C порттой AirPods Pro:
 
iPhone 15 цувралын гар утаснуудаас гадна AirPods Pro чихэвчиндээ USB-C стандартын цэнэглэгч порт нэмснийг Apple зарлажээ.

Ийм порттой EarPods чихэвчний хайрцгийг сонголтоор авч болох юм байна. Үүнээс гадна USB-C порттой болсны үр дүнд iPhone 15 гар утсаараа Apple Watch, AirPods Pro төхөөрөмжүүдийг цэнэглэдэг болжээ.

iOS 17, watchOS 10, macOS Sonoma:
 
Apple компани бүтээгдэхүүнүүдийнхээ үйлдлийн системийн шинэчлэгдэх хугацааг өчигдөр зарласан юм. iOS 17, watchOS 10, iPadOS 17 шинэ хувилбарууд есдүгээр сарын 18-нд, macOS Sonoma систем есдүгээр сарын 26-нд зах зээлд гарахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ