Ирэх онд цалин, тэтгэврийг дараах байдлаар нэмнэ

Засгийн газраас 2024 оны Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Төсөлд цалин, тэтгэврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс дараах байдлаар нэмэхээр санхүүжилтийг тусгасан байна.

Цалинг хоёр байдлаар нэмнэ.

  • Инфляцтай уялдуулан нийт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ. Хэрэв төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагч бол 20 хувиар нэмнэ. Энэхүү нэмэгдэлд 217.7 мянган төрийн албан хаагч хамрагдах бөгөөд 532.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.

  • Орон нутгийн 20 хувийн нэмэгдлийг одоо зөвхөн төрийн захиргааны албан хаагчид авч байна. Иймд 2024 оноос төрийн захиргааны болон нийтлэг үйлчилгээний бүх албан хаагчид энэхүү нэмэгдлийг авна. Гэхдээ суманд ажиллаж байгаа бол 40 хувь, аймгийн төвд бол 20 хувиар цалингийн нэмэгдэл авна. Үүнд 306.8 тэрбум төгрөг төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч нь хаана ажиллаж байгаагаас шалтгаалан хамгийн багадаа 10 хувиар, хамгийн ихдээ 60 хувиар нэмэгдэхээр харагдаж буй юм.

Тэтгэвэр хэрхэн нэмэгдэх вэ

  • Тэтгэвэр, тэтгэмжийг цалинтай адил инфляцтай уялдуулан 10 хувиар нэмнэ. Үүнд 516.8 мянган ахмад хамрагдах бөгөөд 308.6 тэрбум төгрөг зарцуулах аж. Харин тэтгэмжид 40 тэрбум төгрөг төсөвлөжээ.

  • Тэтгэврийг долоон жилээр тооцдог байсныг таван жил болгосон. Үүнд 55500 ахмад хамрагдаж, 20.6 тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь шинээр тэтгэврээ тогтоолгож буй ахмадуудад хамаарах юм.

  • Нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлдэг болсон. Үүнд, 20.3 тэрбум төгрөг зарцуулна.

  • Тэтгэврийн нэрийн дансны хоёр хувийг мөнгөжүүлэхэд 370.4 тэрбум төгрөг зарцуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    зочин (192.82.65.72)
    Тэтгэвэр 5 жилээр тооцдог хугацааг хэзээнээс хэрэгжүүлж /эхэлсэн/эхэлэх бэ
    2023 оны 10 сарын 09 | Хариулах