Метроны төсөлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Дэлхийн банканд илэрхийлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос Улс хариуцсан захирал Мара Уорвик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үе шаттай ажлуудыг олон улсын туршлагын дагуу жишиг гудамж болгох, замын хөдөлгөөний удирдлагын төвийн цар хүрээ, техник технологийг шинэчлэх, нэгдсэн системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хэвтээ тэнхлэгийн шинэ гарцыг бий болгох, замын өргөтгөл шинэчлэлийг хийх ач холбогдолтой “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-д үргэлжлүүлэн хамтарч ажиллахад таатай байх болно” хэмээсэн юм.

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг шийдвэрлэх хүрээнд метроны төслийг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа хэлж, ТЭЗҮ боловсруулах, ажлын даалгавар, тендерийн баримт бичиг боловсруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.

Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос Улс хариуцсан захирал Мара Уорвик цаашид аж үйлдвэрийн парк байгуулах, Улаанбаатар хотод тулгамдаад буй үер усны байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, метроны төслийн хувьд дэлгэрэнгүй мэдээллийг авсны дараа дахин санал солилцох боломжтой гэсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин