“Эрдэнэ баавайн хөшөө” байсан бол Үүл дарга ингүүлэхгүй дээ

Монголын уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөний хувь заяа сүүлийн үед хурцаар яригдах боллоо. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу олны нэрлэж заншсанаар “Хүүхдийн парк”-ийг чимдэггүй юм гэхэд, түүх болон хадгалагдсан цөөн дурсгалын нэгэн билээ. Тэр чухам юунд тэгтлээ саад болов оо. Түүнийг нүүлгэхээр шийджээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тэгж байгаа юм байх. Өндөр барилгуудаар хүрээлүүлж, ашиглалт, хамгаалалтгүй болсноос тэр гэжээ. Есөн тоннын жинтэй чулуун хөшөөг орчин үеийн техникээр өргөн, Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт тавих гэнэ. Яг Лениний хөшөө байсан суурин дээр суулгахаар шийджээ. Хөшөөг нураах, зөөх амархан л даа.
Болдгийг нь бид бишгүйдээ л харсан шүү дээ. Асуудлын гол нь үүнд байгаа юм биш ээ. Энэ талаар эцэст өгүүлье. Их зохиолчийн дурсгал нийслэлд хэд байдгийг мэдэх үү. Д.Нацагдоржийн гудамж гэж байсныг хаа холын, харийн “Сөүлийн гудамж” болгож орхисон. Музей нь байдаг ч юм уу, үгүй ч юм уу, хэн мэдлээ. Өчигдөрхөн байсан юмс өнөөдөр үгүй болчихдог тул итгэлтэй хэлж чадахгүй л байна даа. Байгаасай л билээ. Одоо хөшөөг нь “янзлах” нь ээ. Хөшөөг зөөх талаар иргэд янз бүрийн саналтай байна.
Олны нүдэнд ил болгох нь зөв гэх хэсэг байхад, тэнд оршиход юу саад болно вэ хэмээн нөгөөдүүл нь сөрөх юм. Аль аль нь л бодууштай. Албан ёсны эсэргүүцэл ч гарлаа. Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөл өчигдөр шуурхай хуралдаж, энэхүү асуудлыг авч хэлэлцжээ. Ингээд, дээрх болчимгүй явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн мэдэгдлийг холбогдох газарт нь хүргүүлжээ. Монголын утга соёлын түүх, үнэт дурсгал болсон, хагас зууны настай хөшөөг нүүлгэн шилжүүлэхэд ямар нэг гэмтэл учрахгүй байх, бүтээлийн зохиогчийн эрх мхөндөгдөхгүй гэх баталгаа байхгүйг ч тэд мэдэгдэлдээ илэрхийлжээ. Хөшөөний газрыг зарах, өөр ямар нэг зориулалтаар ашиглах гээд байна гэх хардлага ч дагалджээ. Гол гогцоо нь энд л байгаа юм.
Нийслэлийн эрх мэдэлтнүүд тэр газрыг “MCS” группэд өгч байгаа талаар баттай эх сурвалжийн мэдээ бидэнд ирэв. Хотын чухал газруудыг цөлмөж ханадаггүй ямар хачин улс вэ, тэр байгууллагын удирдлагууд. Бас өгч цаддаггүй ямар булай удирдлагууд вэ, нийслэлийн дарга нар. Э. Бат-Үүл дарга ухаантай л хүнсэн. Ухаантай хүнд үг хэлэх уг нь урамтай байдаг. Хотын захирагч болоод олон сайн бас сайхан ажил сэдэж, хийснийг нь хэлэх хэрэгтэй. Тиймээс ийнхүү зориглон дуугарав. Тэрхүү дурсгал “Эрдэнэ баавайн хөшөө” байсан бол Үүл дарга ингүүлэхгүй дээ. Тийм биш учраас л мэдсэн ч, мэдээгүй дүр эсгэн, цагаан халимагаа илэн, болсон болоогүй хурал хийж суугаа биз. Үүл дарга минь нэг сайн тунгаагаарай. Өөр бид юу хэлэх вэ. Эцэст өгүүлэхэд, уг хөшөөг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 581 дүгээр тогтоолоор Монголын Урчуудын эвлэлийн хорооны Дүрслэх урлагийн баримлын тасгийн урчууд бүтээн, Ардын хувьсгалын 40 жилийн ойг тохиолдуулан босгосон түүхтэй. Түүх түүхээрээ байг л дээ. Түүхийг шинээр сийлдэггүйг мэднэ биз дээ. Хөшөөг хэрхэх талаар иргэд, уншигчдын сэтгэгдлийг ч сонсох нь зөв байх аа.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ