Нийтийн байрны түрээсийн үнэ 180 мянган төгрөг байна

Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор оюутнуудад тулгамддаг асуудлын нэг бол амьдрах байр. Гэхдээ ихэвчлэн хөдөө орон нутгийн оюутнуудад энэ зовлон гарч ирдэг. Учир нь сурч буй сургуулийнхаа оюутны байранд орж чадахгүй бол гадуур түрээсийн байр хайхаас аргагүйд хүрнэ. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр хэд хэдэн газраар орсон юм. Оюутнууд сургуулийнхаа дотуур байранд орж чадаагүйгээс нийтийн байр түрээслэх тохиолдол их гэнэ. Энэхүү нийтийн байр гэсэн бизнес ч цэцэглэж, газар авчээ. Дарь-Эх, Дэнжийн-1000, Зурагт, Долоон буудал гэсэн хотын захын хорооллуудад нийтийн байр олноор баригдсан байв.
Ихэнхдээ 20-24 айлын зориулалттай 1-2 давхар улаан тоосгон байрнууд байх аж. Бид 32-ын тойргийн баруун талд байрлах нийтийн байраар орж сонирхлоо. Уг байр хоёр давхар бөгөөд 24 айл амьдардаг юм байна. Хашаагаар оронгуут эр, эм гээд биччихсэн модон бие засах газар харагдав. Хажууханд нь нэг гэр байх бөгөөд байрны шатан дээр хорь орчим насны хоёр залуу тамхи татаж байв. Тэд энэ байранд амьдардаг гэнэ.
Түрээслэгч А.Батсууриас зарим зүйлийг тодруулав.
-Энэ байранд хэр удаан амьдарч байна вэ. Оюутан уу?
-Тийм оюутан. Саяхан орсон. Наймдугаар сарын 28-нд орсон байх аа. Би ШУТИС-д уул, уурхайн чиглэлээр сурдаг. Ирэх хавар төгсөнө. Манайх Сүхбаатар аймагт байдаг юм. Наймдугаар сарын 24-нд ирээд дотуур байраа хөөцөлдсөн чинь нэг, хоёр дугаар курсийнхнийг эхэлж авна гээд бүртгээгүй. Тэгээд энэ байрыг найзаасаа сонсоод ирсэн юм. Хотын төвтэй арай л ойр санагдаад.
-Өрөөндөө хэдүүлээ байдаг вэ?
-Хамаатны хоёр хүүтэй хамт байгаа. Тэр хоёр хичээлдээ явчихсан.
-Сарын түрээс нь хэд вэ. Цахилгааны мөнгөө яаж төлдөг вэ?
-Сард 120 мянган төгрөг. Харин тогны мөнгө гээд сар бүр 4000 төгрөг төлөх юм билээ. Уг нь сард нэг хүний 40 мянган төгрөг гэсэн үг. Ус авахад л жаахан ядаргаатай санагдсан. Бид гурав хуруудаад хожигдсон нь ус авахаар тохирсон.
-Амьдрах орчин нь оюутны байрнаас хэр санагдав?
-Яахав, зүгээр санагдсан. Оюутны байрны жижүүр их ааштай, гаргаж оруулахгүй хэцүү шүү дээ. Хөдөөнөөс хүн ирсэн ч загнадаг. Энд бол нээх хэл ам байхгүй. Орой хаалга барьчихлаа гэхгүй амар гэв.
Энэ байранд амьдардаг хүмүүсийн ихэнх нь оюутан гэсэн. Нэг өрөөнд гурваас дээш хүн авдаггүй юм билээ. Бүх өрөө 4*4 хэмжээтэй харагдсан.Газраар хоёр хүн унтчихаар дэвсгэр засчихсан, жижиг зурагт, халуун тогоо, гар нүүр угаах хувин, ганц, хоёр цүнхтэй хувцас тавьжээ. Бас 20 литрийн усны сав үүдэнд нь байх аж. Их цомхон юм. Харин зарим өрөөнд айлбайдаг гэнэ. Айл гэдэг нь ажил хийдэг ганц бие хүмүүс, эсвэл нэг хүүхэдтэй залуу гэр бүлийг хэлж байгаа юм. Өрөөндөө арай тохилог, зурагт, ор, жижиг хувцасны шүүгээ тавьсан харагдсан. Тэд орон сууц түрээслэх гэхээр түрээс өндөртэй гэнэ. Дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа залууст хямд, өртөг багатай амьдрахыг боддог тухайгаа зарим нь ярьсан. Айлууд хувийн байшин, гэрээ нийтийн байрнаас ч хямдхан үнээр түрээслүүлдэг юм байна. Түүнийг түрээсэлж, өвөлдөө түлээ мод бэлтгэнэ гэхээр дүндээ дүн гэнэ. Учир нь нийтийн байрнууд нам даралтаар халдаг болохоор орой ажлаа тараад ирэхэд ядаж л өрөө нь дулаахан угтдаг юм байх. Тэдний хувьд түр сэлүүхэн, тохилог орон сууцтай болохын өмнө зөвхөн унтаад гардаг, гудамжинд хонуулчихгүй л байр хэрэгтэй гэх. Нийтийн байрнуудын түрээсийн үнэ сардаа 100-180 мянган төгрөг юм байна. Тог, цахилгаан ороод шүү дээ. Ер нь нийтийн байранд ихэвчлэн дураараа архидах гэсэн оюутнууд, дөнгөж хөлөө олох гэж ажиллаж яваа залуус ордог гэнэ. Мөн зарим нийтийн байрууд их цэвэрхэн, дотроо ор, угаалгын машин зэрэг тавилгатайгаар сарын 180 мянган төгрөгийн үнэтэй ч байдаг аж. Энэ жил ихэнх газрууд түрүүсийнхээ үнийг 20-30 хувиар нэмжээ. Энэ нь цахилгааны үнэтэй холбоотой гэнэ. Тэгэхээр өвөлдөө нийтийн байрууд 200 мянга хүрэх төлөвтэй байна. Өмнө нь 100-120 мянган төгрөгийн үнэтэй байжээ.
Сүүлийн үед нийтийн байрны үйлчилгээ сайжирч өрөө болгондоо хэрэглээний ус, бие засах газартай болжээ. Гэхдээ арай үнэтэй. Сарын 250 мянган төгрөг бөгөөд түрээсийн мөнгөө 10 сараар гэрээ байгуулж авна гэсэн шаардлагатай юм билээ. Хэмжээний хувьд нэг их ялгаа харагдаагүй. Энэ жил Мянган оюутны байр засварт ороогүй байгаатай холбоотойгоор гадуур нийтийн байр сурагласан оюутан ихэсчээ. Өмнө нь тус байранд байсан гэх оюутнууд нийтийн байруудаар өрөө асууж их ирдэг талаар манаач нар нь ярьж байсан. Ингээд бид хувийн болон улсын хэд хэдэн сургуулийн дотуур байраар орлоо. Улсын сургуулиуд дотуур байрныхаа захиалгыг аваад дуусчихаж. МУБИС, МУИС зэрэг сургуулийн дотуур байрны түрээс дунджаар 450-500 мянган төгрөг гэнэ. Тодруулбал, нэг хүүхэд жилдээ дунджаар байрны хөлс гэж 450 мянган төгрөг төлөх бөгөөд нэг өрөөнд 4-6 хүүхэд амьдардаг юм байна. Харин хувийн сургуулийн дотуур байранд нэг оюутан дунджаар 350 мянган төгрөг төлөөд жил амьдрах боломжтой юм билээ. Хувийн сургуулийн төлбөр улсынхаас арай хямд байдаг шалтгаан нь сургуульдаа оюутан элсүүлэхийн тулд ийн төлбөрөө бууруулдаг бололтой юм. Аль ч сургуулийн дотуур байранд намар оюутан бүртгэхдээ эхний ээлжинд нэг, хоёр дугаар курсийн оюутнуудыг авдаг юм байна. Яагаад гэхээр хот мэдэхгүй, хамаатан садангүй оюутнуудад амьдрах газартаа санаа зовохгүй хичээл, номоо хийгээсэй гэсэн үүднээс нийгмийн халамжийг хангаж, байранд авдаг байна. Харин гурав болон төгсөх курсийн оюутнуудыг биеэ даагаад явчих байх гэсэн үүднээс аль болох байранд авдаггүй гэнэ. Түүгээр зогсохгүй догь суучихсан оюутнууд эрэгтэй, эмэгтэй гэхгүй нийлж архидаад байрны амгалан тайван байдлыг алдагдуулж, хэл ам дагуулдаг, шинэхэн оюутнуудыг буруу замд уруу татдаг гэх олон шалтгаанаар дотуур байранд авах дургүй байдаг аж. Мөн байранд орохын тулд байрны коминдатдаа гарын мөнгө гэж 100-300 мянган төгрөг, зарим нь бүр өвлийн идэш амлаж ордог гэсэн яриа оюутнуудын дунд ч мэр сэр байна.
Д.ДАВААСҮРЭН www.dnn.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ