“Made in China”-ын төгсгөл

Дэлхийн хоёр дахь эдийн засаг хэмээгдэж буй Хятад улс үйлвэржилтээрээ манай гаргийг тэрүүлж байгаа. Тэдний эдийн засаг, үйлдвэржилтийн өсөлт сүүлийн 20 жилийн дотор асар хурдтай өссөн. Нэгэнт өндрөө авч өссөн эдийн засаг тийм ч амархан шалдаа буучихгүй. Хятадын үйлдвэржилт салбар бүрт хүчээ авч буй нь илт. Хүмүүсийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд био технологи, техник тоног төхөөрөмж гээд хамраагүй салбар бараг үлдсэнгүй. Тэдний үйлдвэрлэлийг дэмжих хэрэглэгч улс буюу эрэлт хэрэгцээ ч байсаар байгаагийн нэг нь манайх.

Дэлхий нийтээр хятадын бараа бүтээгдэхүүн хулхи, чанаргүй гэдэг. Барууны орнууд хятадад үйлдвэрлэсэн барааг авахдаа дургүй байдаг. Гэхдээ хятадаас баруун руу гарч байгаа бүтээгдэхүүнээд харьцангуй чанартай гэдэг юм. Он гарснаас хойш урд хөршийн эдийн засаг нэлээд савалгаатай болж эхэлсэн нь ажиглагддаг. Үе үехэн үйлвэржилт буурч, өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад илт доогуур үзүүлэлтүүд гарах болжээ.

Хятадын аж үйлдвэрийн гарцын мэдээ сүүлийн 32 сарын хамгийн доод цэгтээ очжээ. Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр хүчээ аажмаар алдаж буй Азийн хүчирхэг үйлдвэрийн машины үзүүлэлт 48 гарсан нь өмнөх сард 51 байснаас маш доогуур гэж хэлэгдэхээр байгаа юм. Уг үзүүлэлт 50 ба түүнээс дээш байгаа тохиолдолд тухайн эдийн засагт таатай уур амьсгал зонхилж байна гэж үздэг. HSBC банкны Хятадыг хариуцсан салбарын захирал Кү Хонбин хэлэхдээ, дотоодын эрэлт сулрахаас гадна, экспорт буурч байгаа нь ийнхүү нөлөөлсөн бөгөөд энэ байдал цаашид хэдэн сараар үргэлжлэх төлөвтэй хэмээжээ. Хятадад мөнгөний сулруулах бодлого хэрэгжүүлэхийн тулд илүү их орон зай хэрэгтэй бөгөөд суларч буй дотоодын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, инфляцийг хяналтдаа байлгахын тулд илүү хичээж ажиллах шаардлага тулсан хэрэг юм. Дотооддоо суларч эхэлсэн эдийн засаг нь Шанхайн арилжааны төвөөс шууд ажиглагдаж эхэлжээ.Өнгөрсөн хаврын эдийн засгийн удааширлаас үүсэлтэй үйлдвэржилтийн бөөгнөрөл нь одоо хэр нь үргэлжилсээр байна.

Түүнчлэн Хятадын гадаад худалдааны салбарт хамтран ажилладаг гадны томоохон компаниудаас хэд хэд нь харилцаагаа тасалж, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаандаа цэг тавьхад хүрсэн талаар эх сурвалжид дурджээ. Хятадын гадаад дахь зах зээл хумигдаж байгаагийн нэгээхэн шалтгаан ньинфляци билээ. Тус улс инфляцитай тэмцэх зорилгоор мөнгөний бодлогоо чангаруулж байгаа нь ийнхүү үйлдвэрлэлийн гарц буурахад нөлөөлжээ.

Хятадын хүчирхэг гэгдэж буй эдийн засаг хумигдах төлөв ажиглагдаж байгаа нь хаа сайгүй, бараа бүхэн дээр байдаг “Made in China” гэсэн шошго үгүй болохын дохио ч байж мэднэ. Дэлхийн эдийн засагт өөрчлөлт гарч, улс орнууд дотоодын бүтээгдэхүүнээ илүүд үзэх таатай цагт “Made in China”-ын төгсгөл ирж буй хэрэг. Гэсэн ч хүн амын тоогоороо дэлхийд нэгдүгээрт бичигддэг улсын хувьд тийм ч амархан өрсөлдөөний зах зээлээс арчигдчихгүй биз ээ. Ямартай ч манай улсаас авахуулаад Зүүн Азий номхон далайн буурай орнууд тэдний үнэнч хэрэглэгчийн эгнээнээс гарах болоогүй, хэвээр үлдэх нь тодорхой.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ