Улсын онцгой комиссын дансанд 1.4 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

Улсын онцгой комиссоос ээлжит мэдээллээ хийлээ.

 

Мэдээллийн эхэнд УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Улсын хэмжээнд 65 мянган километр замын цасыг цэвэрлэж, хөдөлгөөн үйлдэхэд саадгүй болгожээ. Иргэд, ААН байгууллагууд сайн дурын хандивын аян эхлүүлсэн. Хандивын хөрөнгийг УОК-д хүлээлгэж өгч байгаа. Өнөөдрийн байдлаар 108 иргэн, аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, холбоодоос 1.4 тэрбум төгрөгийн мөнгөн хандив өгсөн. Мөн таван иргэн, 37 аж ахуй нэгжээс 773 сая төгрөгийн бараа материалын хандив цуглаад байна. Өчигдрийн байдлаар нийт 4416 малчин өрхийн 1817 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 2541 малчин өрхийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хоол хүнсний тасалдал үүссэн 1223 малчин өрхөд хүнс тэжээл хүргэлээ. Төрийн цэргийн байгууллагуудаас 326 албан хаагч, орон нутгийн Онцгой комиссоос 286 албан хаагч үүрэг гүйцэтгэсэн” гэв. Мөн тэрбээр энэ сарын 26-наас хойш малын хорогдлын тоог шинэчилж, нэгтгээгүй байгааг онцолсон юм.

Тэгвэл ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг “1578 тонн улаанбуудайг хөнгөлөлттэй үнээр аймгуудтай гэрээ байгуулан хүргэж, малчдад түгээхээр болсон. Одоогоор 12 аймаг гэрээ байгуулсан. Булган аймаг 300, Дорнод 600, Дундговь 750, Өвөрхангай 900, Завхан 1200 тонн улаанбуудай авахаар байна. Улаанбуудайгаар мал тэжээхдээ эхлээд заавал давстай, эсвүл хужиртай бүлээн усаар усална. Хоёрдугаарт, буудайг жижиглэж, нунтаглаад халуун усанд 4-5 цаг дэвтээсний дараа малдаа өгөх нь тохиромжтой гэдгийг мэргэжлийн байгууллагаас өгч байна” хэмээн ярилаа.

Харин Хөдөө аж ахуйн биржийн албаны дарга Б.Гантөмөр “Өнгөрсөн сард мал, махны арилжааг албан ёсоор эхлүүлсэн. Өчигдрийн байдлаар 277 хэлцлээр 785.5 тонн махыг 6.6 тэрбум төгрөгөөр арилжлаа. Үүнээс хонины мах 440, үхрийн мах 174.7, ямааны мах 23.6, адууны мах 147 тонныг арилжаалсан байна. Биржээр арилжсан махыг зориулалтаар нь аваад үзвэл нийт махны 7.2 хувийг дотооддоо нийлүүлсэн бол 92.8 хувийг экспортод гаргасан” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ