“Дэлхийн мисс” тэмцээн тасалдаж мэдэх нь

Сайхан бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээн болох “Дэлхийн мисс 2014” зохион байгуулагдахгүй болж магадгүй талаар гадны хэвлэлийнхэн бичжээ.

Энэ жил дэлхийн сайхан бүсгүйн титмийн төлөө манай гаригийн өнцөг булан бүрээс ирсэн 137 бүсгүй өрсөлдөх бөгөөд тэмцээний шувтаргын шат энэ сарын 28-нд Индонез улсын Жакарта хотод явагдах юм.

Харин энэ арга хэмжээг өөрийн оронд зохион байгуулахыг Индонезийн мусульманчууд эрс эсэргүүцэж байгаа гэнэ. Саяхан Индонезийн мусульманчуудын радикал байгууллагын төлөөлөгчид сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг эсэргүүцэн Жакарта хотод эсэргүүцлийн томоохон арга хэмжээ зохион байгуулжээ.

Эмэгтэйчүүдийг ч эгнээндээ нэгтгэсэн жагсагчид гартаа зурагт хуудас барин алхаж, загвар өмсөгчдийн гэрэл зургийг шатаан “Дэлхийн мисс, там руу тонил” хэмээн хашгирч байсан гэнэ. Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн бол ёс зүйгүй арга хэмжээ, харин зохион байгуулагчид нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг ашиглаж мөнгө олж байгаа нь манай орны соёлтой хэрхэвч зохицохгүй хэмээн жагсагчид мэдэгджээ.

Энд дуулгахад уг арга хэмжээ исламын шашинд харшилж байгаа талаар Индонезийн хэд хэдэн сайд ч мөн мэдэгдэл гаргаж байсан юм. Ямартай ч мусульман шашинтай оронд зохиогдож, шашны идэвхтнүүдийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан “Дэлхийн мисс” тэмцээни й зохион байгуулагчид тэмцээнийхээ зарим нэг дүрмийг өөрчилж,усны хувцастай гарах үзүүлбэрээс анх удаа татгалзсан байна.

Тайзан дээр гоо үзэсгэлэнгээ гайхуулан алхлах бүсгүйчүүд усны хувцасны оронд оролцогч мусульман бүсгүйчүүдийг дорд үзэж байгаа гэсэн “хэрэгт унахгүй”-н тулд арай даруухан хувцас өмсөж үзүүлбэр үзүүлэх болсон аж.

Б.Ананд
gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ