“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын хэргийг шалгах ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш галын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ хүрээнд 250 гаруй хүнээс мэдүүлэг авч, зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилон 58 дүгнэлтийг гаргуулж, зарим эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоожээ.

Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн. Түүнчлэн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан байна. Одоогоор гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 17 мин