Өндөрхааны 10 жилийн сургуулийн 90 жилийн ой болно

Манай улсын ерөнхий боловсролын ууган сургуулиудын нэг Хэнтий аймгийн Өндөрхааны ЕБ-ын I дунд сургуулийн 90 жилийн ой ирэх долоо хоногт болно. Тус сургуулийнхан ойдоо зориулж “Төгсөгчдийн цэнхэр ном”, “Ууган сургуулийн түүхэн замнал” гэсэн хоёр ном бүтээжээ. Түүхэн замналын номын 1983 оны XXXI төгсөлтийн багш, сурагчдын дурсамжаасдор толилуулав.
Анги даасан багш нар нэгэн үеийнхэн
Өндөрхааны 10 жилийн сургуулийн 60 жилийн ойтой давхацсан тус төгсөлтийн зургаан ангийг нэгэн үеийн багш нар дааж төгсгөсөн юм. А бүлгээс эхэлбэл орос хэлний Ренчиннямын Дуламжав, алгебрийн Жамсрангийн Зэнэмэдэр, физикийн Чойдорын Чулуунбаатар, нийгэм судлалын Осорын Даарийжав, физикийн Жавзмаагийн Ганбат, алгебрийн Осгоны Бямбаа. Бүгдээрээ “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан.
Р.Дуламжав багш маань их ширүүн, алхаа гишгээ тэгш чанга, яриа хөөрөө шулуун шударга, өөрийн эрхгүй эмээх сэтгэгдэл төрүүлнэ. Гэсэн ч багшийн хал нь гаднаа, хайр нь дотроо. Шавь нарынхаа хойноос уйгагүй хөөцөлдөнө. Дуламжав багшийн хичээлийг үймүүлнэ, тасална гэсэн ойлголт сурагчдад байхгүй. Орос хэлний хичээлийн текстийг товчлуулж, цээжээр их яриулдаг байлаа. Дүрэм сайн заадаг байсан болохоор элсэлтийн шалгалт, их, дээд сургуульд орсон хойно их хэрэг болж байсан. Одоо ч тийн ялгалууд нүдэнд харагдаж, ганцхан пальто гэдэг үг хувирдаггүй нь санаанд илхэн. Сурагчдынхаа сурлагаас гадна хүмүүжилд гойд анхаарал тавина. Тэр чинээгээр даасан анги нь сургуулийн хэмжээнд зохиогдсон соёл хүмүүжлийн ажилд идэвхтэй оролцож, эхний байруудад шалгардаг байлаа. Улирлын дүн гарах дөхөхөд ангийнхныхаа хичээлийн дүнг тус бүрээр нь хуулаад биччихсэн, чи энэ хичээлд асуугдаж дүнгээ засуул гэж шаардана, ялангуяа хаагдах хичээлд онцгой анхаарна. Тэдгээр нь найм, аравдугаар анги төгсөхөд аттестатад бичигддэг хичээлийн дүн юм. Сургууль дээр цэмбийтэл угааж индүүдсэн цэнхэр халаад өмсөж, баруун гарынхаа тохойд цүнхнийхээ оосрыг ямагт углаж явна. Орос хэлний Ж.Лхамдондог багш бас хүрэн халаад өмсдөгсөн. Хөдөлмөр зуслан, намрын ажилд сурагчидтайгаа зэрэгцэн ажиллаж, жаахан хойрго зарим хүүхдийг дэргэдээ дагуулж сургана. Биднийг тавдугаар ангид байхад билүү 308 тоот танхимыг орос хэлний кабинет болгон эцэг эхийн хүчээр тохижуулж, шкабтай урт самбар хийсний зарим шүүгээг бараг сейф болгон ашиглаж, ангийн идэвхтэн сонгуультнууд хавтастай ажил хэргээ хадгалдаг, барагтайхан албан байгууллагаас дутахааргүй байжээ.

Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн дараа БНМАУ, ЗСБНХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа манай сургуульд зочлов. Зүүнээс: Физикийн багш Ч.Чулуунбаатар, орос хэлний багш Р.Дуламжав, Ж.Гүррагчаа. 1980 он.
Ж.Зэнэмэдэр багш том цүнхээ барьсаар хонхтой зэрэгцэн яг цагтаа орж ирнэ. Хичээлээ товч тодорхой заана. Ихэд дөлгөөн, барагтай бол уурлахгүй, харин сурагчдыг хичээл үймүүлэхэд их дургүй. Нэг удаа самбар дээр цаашаа хараад юм бичиж байхадард нь айхтар үймүүлээд байсан хүүхдийг бараг эргэж харалгүй шахам шохойгоороо шидэхэд яг оносон юм гэдэг. Тэр нь тарвагыг сум тоолдог сайн анчин байсантай нь холбоотой ч байж магадгүй. О.Бямбаа багш хоёулаа улаан “Ява”-аараа тарваганд их явдаг байсан ажээ. Дээхэн үед сургуульдаа тэр хоёроос гадна тооны Гэндэнгийн Товуудорж багш адилхан мотоцикльтой байлаа. Тэгээд багш нар манай сургуулийн гурван баян гэдэг байж. Зэнэмэдэр багшийг нөхөрлөлдөө тууштай, хүн чанар сайтай гэж хүндэлдэг.
О.Чулуунбаатар багш хөгжилтэй наргианч, хичээлийн дундуур янз бүрийн сонин сайхан юм, киноны тухай ярина. Маршал Рокоссовский давшилтын төлөвлөгөө боловсруулахдаа өрөөн дотуураа нааш цааш алхаж байсан гээд л самбарын өмнүүр тип тап алхаж байсан нь санаанаас гардаггүй. Заримдаа бид “багш аа, гоё юм ярьж өгөөч” гэхэд хичээлээ сайн хийвэл ярьж өгнө гэдэгсэн. Хааяа физикийн кабинетэд хичээл заахдаа цонхныхоо хөшгийг татаж байгаад нарийн хальстай кино гаргаж үзүүлдэг байлаа. Янз бүрийн аппарат хэрэгсэл арынхаа өрөөнөөс гаргаж ирээд туршлага хийхэд хүүхдүүд дуртай. Физикийн бодлогыг уралдаж бодуулаад түрүүлсэнд нь онц дүн хайрлахгүй тавина. Улирлын дүн гарах дөхөхөд манай ангийнхан физикийн хичээл дээр олон онц, сайн дүнтэй байдагсан. Тоо бодохдоо тааруухан нэг нь улсын шалгалтад “Каучукийг УААА-д хэрэглэх нь” гэх мэтийн билет сугалаасай хэмээн залбирна даа. Нэг удаа багшаас хүүхдүүд “Та ер нь хэр багш юм бэ” гэж асуухад “Механикаар Жүгдэр, молекул физикт Ганбат, оптикт Цолмон, онолоор бол би” гэжээ.
О.Даарийжав багш хичээлээ ой тойнд шингэтэл заана, мэдлэгийн цар хүрээ өргөнтэй. Хүүхдийн онцлогийг сайн мэддэг, есдүгээр ангид найман жилийн сургуулиудаас элсэж орсон хүүхдүүдийг цуглахад “Та нар иргэний паспортоо авч, том хүмүүс болсон. Бие биеэ хүндэлж, ирээдүйнхээ мэргэжлээ сонгож, аливаа юманд хандах хэрэгтэй” гэж хэлж сургаж байсныг ангийн дарга Б.Нарангэрэл ярьж байна. Манай төгсөлтийн дараа баруун найман жилийн сургуульд ажиллаж байгаад Өндөрхаан хотын намын хорооны даргаар ажилласан. Нийгэм судлалын багш байсан болохоор онолын хувьд улс төрийн ажилд сайн байхаас ч аргагүй. Хичээл заадаг ахлах ангийн сурагч бүрт дүгнэлт хийж, ямар хүн болж өсч төлөвшихийг битүүхэн гадарладаг байсан болов уу гэж санагддаг. Хүүхдүүдтэй харилцахдаа ихэд нухацтай харна.
Ж.Ганбат багш дуу цөөнтэй, нэг хэлсэн үг нь их жинтэй, гүдэс шулуун зантай. Сахалтай болоод тэрүү харахад сүртэй ч ер уурлахгүй. Үхрийн сээр мундаг хуга цохино, шууны булчин сайтай, ер нь их спортлог байжээ. Хөл бөмбөг сайхан тоглоно, усанд сайн сэлдэг, Дадалын хүн учраас залуудаа Онон, Балж, Хэрлэн голыг хөндлөн гулд сэлж байсан гэдэг. Ангийнхан нь манай багш фото зураг их сонирхдог гэж гайхуулах маягтай ярина.
О.Бямбаа багш ангийнхаа хөвгүүдтэй эгээ л найзууд юм шиг явдагсан. Тэдний ангийн хөвгүүд бие томтой, бөхчүүд цөөнгүй. Багш 1965 онд чөлөөт бөхийн 52 кг-ийн жинд Улаанбаатар хотын аварга болж, аймагтаа анхны бөхийн медаль авчирч байжээ. Х.Баянмөнх аваргатай нэг дугуйланд явж байсан гэдэг. Бас теннис сайхан тоглоно. Сургуульд ойрхон болохоор Дуламжав багшийн хоолыг их буудаж, Зэнээ багшийн хийсэн тарваганы боодгонд нугасгүй байжээ. Тэдэнтэйгээ үүрэн телефоноор хаа холоос ч гэсэн хааяа ярина. Одоо Монгол Улсын математикийн зөвлөх багш зэрэгтэй, нийслэлийн захын сургуулийн хүүхдүүдэд физик, төвийн сургуулийн хүүхдүүдэд математикийн хичээлээр давтлага хийлгүүлээд төрөл бүрийн олимпиад, элсэлтийн шалгалтад чамлахааргүй амжилттай оролцуулж байна. Нэгэн үе зурхайгаар яггүй үздэг болж, цагаан сарын өмнө хонины ууцаа хулгайд алдсан хүн хүртэл асууж сураг гаргуулж байж. Зурхайчдын их хуралд аймгаас баазын Лувсан-Иш гуайн хамт хоёулаа оролцож байжээ. Дараа нь зав чөлөө хомс, хүмүүс шавах маягтай болохоор зурхайгаа орхисон байна. Нийтдээ 15 жил физик, 45 жил математик зааж байна гэв. Өдгөө 70 нас шүргэж байгаа гэхэд их хотын хөдөлгөөн дунд “Аман хуур”-ын Соном өвгөн шиг унадаг дугуйтай жирийлгэж явна.
Манай XXXI төгсөлт сургуулийн 60 жилийн ойгоор тохиосон
1983 онд аймгийн төв дээр ганцхан 10 жилийн сургуультай, зэргэлдээ Өндөрхааны САА-д байгуулагдаад удаагүй шинэхэн сургуульд хойд талын сумдын сургуулийн аравдугаар ангийн сурагчдаас бусад нь төгссөн юм. Зургаан бүлгийн 250 шахам сурагч мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байлаа.
Цэвээнсодномын Оюунгэрэл, Оюунчимэг нарын ихэр төгсөв. Б.Нармандах найм, аравдугаар ангидаа аймгийн математикийн олимпиадын аварга, Д.Батжаргал сургуулийн бүжгийн аварга, Х.Хурмет сургуулийн хөдөлмөрийн аварга болж, Г.Ганганцэцэг МХЗЭ-ийн XVI их хуралд төлөөгчөөр сонгогдон оролцлоо. Чөлөөт бөхийн УАШТ-нд Ч.Энх-Эрдэнэ 48 кг, Т.Осгон 42 кг-ийн жинд барилдаж, самбо бөхөөр Т.Зоригтбаатар хүрэл медаль, Ш.Энх-Амгалан IV байрт оров. Ч.Энх.Эрдэнэ есдүгээр ангидаа бүсийн тэмцээнээс алт хүртэж, идэрчүүдийн тэмцээнд улсад II байранд орж байсан. Ү.Ням-Очир аймгийн 60 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааны хоёрын даваанд Б.Бат-Эрдэнэ аваргыг цэрэг байхад нь хаяж байв. Манай “баавгай” Ганболд үеийнхнээсээ анх удаа аймгийн арслан цол хүртсэн юм. Ё.Баярсайхан үндэсний бөхөөр сайхан барилддаг, хожим бөхийн барилдаан тайлбарладаг байлаа. Х.Батсүрэн ахлагчтай сагсан бөмбөгийн баг аймгийн аваргын тэмцээнд II байранд орж, Улаанбаатар хотод гуулин цом захиалан хийлгэж, шилжин явах цомын нэрэмжит тэмцээн явуулах болсныг биеийн тамирын багш Д.Ренчин, Д.Дашдондог нар ихэд баярлан дэмжиж “улсад байхгүй цом” хэмээн сайшааж байсансан. Өсвөр үеийн боксын УАШТ-нээс Ж.Мөнх-Эрдэнэ хүрэл медалиар энгэрээ мялааж, Н.Алтанхуяг уртын харайлтын улсын дэд аварга болов. Ц.Одгэрэл, Н.Уранчимэг, Р.Энх-Амгалан, Л.Жаргалцэцэг, Ж.Ганчимэг, Л.Осгон, Ц.Төртогтох, О.Цагаанчулуун, Ш.Цэцэгмаа, Ц.Энхцэцэг, Д.Нарантуяа, М.Ганболд нарын олон сурагч сурлага, хөдөлмөрийн амжилтаараа тэргүүлж байлаа.
Биндэр сумын Цэгээн нуурын хөдөлмөр амралтын зуслан, Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн ургац хураалтад сайн ажилласан 10А ангийнхан сургуулийн хөдөлмөрийн аварга анги болов. Манай гурван аравдугаар ангийн хүүхдүүд Норовлинд ажиллаж, 1982 оны намар анхны цас орж хайлаад есдүгээр сарын 27-ны өдөр буцах замдаа Харзтайн тоочек дээр нэлийсэн усан дунд нарийхан цагаан усан судал дагаж явсан нэг машин онхолдож билээ. 10Е ангийнхны сууж явсан тэр “ГаЗ-53” шарваж, юу юугүй хөмрөхөд ард сууж явсан долоон банди тэвний гадна шидэгджээ. Харин Ж.Амгалан хариугүй газардах шахсан тэвшний амсраас хоёр өвдөг дээрээ барьж аван “өргөөрэй” гэж хашгарахад зургаан банди ухасхийн дайрч өргөн нэг мэдэхэд машин дөрвөн дугуйн дээрээ боссон байлаа. Ингэж тэтгэвэрт гарахад ганцхан жил үлдээд байсан “Онц тээвэрчин”, “Осолгүй манлай жолооч” Д.Дагдандорж гуай анх удаа аваар хийж, овсгоотой хүүхдүүдийн ачаар эсэн мэнд өнгөрөв.
Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулга байгуулагдахад Л.Оюунбилэг, Д.Оюунчимэг, Т.Одончимэг, Д.Батжаргал, Г.Баярбат нар бүжгийн ангийн цөмийг бүрдүүлж, удалгүй Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Санжаасүрэнгийн удирдлагаар улсдаа тэргүүлж, БНАСАУ-ын Пхеньяны ДЗО-ны их наадамд монгол бүжгийн гайхамшгийг үзүүлэн, Европын орнуудаар айлчлан тоглож олон улсад танигдсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг өдрийн зарлигаар “Хасбуу мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, сэтгүүлч Х.Ариунбаатар “Алтан гадас” одонгоор шагнагдав. Ж.Түмэн-Аюуш эрчим хүчний зөвлөх инженер бөгөөд тэднийхэн Ухаахудагийн нүүрсний уурхайн ДЦС-ын тоног төхөөрөмжийг угсарсан юм. Ү.Төмөрхуяг Дорнодын цахилгаан станцад механикаас эхлээд ерөнхий инженер, улмаар даргаар ажиллахдаа зуухны тоноглолын удирдлага, хэмжүүрийг хэрэгслийг бүрэн автоматжуулан компьютерийн удирдлагад шилжүүлжээ. Х.Батсүрэн Нийслэлийн захиргааны хэргийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад УДШ-ийн шүүгчээр, Г.Болормаа Дорноговь аймгийн Шүүхийн ерөнхий шүүгчээр, Ж.Наранцогт БХБЯ-ны Зураг төсөл, эрдэм шинжилгээний институтын дэд захирлаар ажиллаж байна. Б.Нарангэрэл Дорнод, Хэнтий аймаг, нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байгаад манайхнаас хамгийн түрүүнд тэтгэвэртээ гарав. Нэг ангиас засангийн дэд хурандаа Ж.Амгалан, онцгой байдлын хурандаа Л.Батхарцага, тагнуулын хурандаа Д.Наранчимэг нарын гурван хурандаа төржээ. Ч.Болормаа, Л.Аюур, Б.Сарантуяа, Ш.Сарантуяа, С.Ганцэцэг, Ш.Отгонцэцэг, М.Батжаргалнарын олон хүүхэд багшийн мэргэжил эзэмшиж, Ш.Сарантуяа БШУЯ-нд олон жил үр бүтээлтэй ажиллаж байна., Д.Болорсайхан Бор-Өндөрийн уурхайд ажил мэргэжлээрээ шалгарч, “Тэргүүний уурхайчин” болов. Ш.Ганбат аймгийн тагнуулын алба, А.Алтанцог Хэнтий аймгийн Харилцаа холбооны газрын даргаар ажиллаж байна.
Д.Ганзориг, Д.Энхболд, Р.Лхагвацэрэн, Д.Ойдов нарын цөөнгүй Мянгат малчин төрөн гарч, Ч.Энх-Эрдэнэ, Д.Ганзориг нар хурдан морь уяж уралдуулах жинхэнэ хорхойтон болжээ. Тэдний уясан хүлэг улам хурдалж, нутаг усныхаа нэрийг гаргаж, анги хамт олныхоо урмыг сэргээх болтугай.
2013.09.05
СЭТГЭГДЭЛ БИЧИХ