Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй.

Тухайлбал, Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд дээрх дөрвөн байршилд барих нүхэн гарцаас хамгийн том нь юм.  Мөн нүхэн гарцад борооны болон үерийн усыг зайлуулах хоёр төрлийн насос суурилуулна.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер Я.Өнөртүвшин "Уг бүтээн байгуулалт нь ажлын зураг боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, түлхүүр гардуулж өгөх гэрээний нөхцөлтэйгөөр хийж байна. Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж буй. Түр барилга байгууламжийн ажил өнгөрсөн оны наймдугаар сард эхэлж, одоогоор төмөр замтай огтлолцох хэсгийн үндсэн барилгын ажил дуусах шатандаа явж байна. Энэ удаагийн нүхэн гарцыг барихдаа төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр угсралтын ажлыг үргэлжлүүлдэг технологи ашиглаж байна” гэв.

 

Нүхэн гарцын хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард нээхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр авто замын түгжрэл 10.5 хувиар буурах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 17 мин