Украины тусгай албаны хуучин тэргүүн ТТГ-т тусалж байжээ

Украины Аюулаас хамгаалах албаны хуучин тэргүүн, эдүгээ депутат Валентин Наливайченкод эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнийг америкийн тусгай албад, тухайлбал Тагнуулын төв газарт (ТТГ) нууц мэдээ дамжуулж, улсын нууц задруулж байсан гэж сэжиглэж байгаа ажээ.
“Ардын депутатуудын мэдэгдсэнээр, Украины Аюулаас хамгаалах зөвлөлийн дарга байсан Валентин Наливайченко улсын нууцыг задруулсан тухай эрүүгийн хэргийг бүртгээд байна. Одоогоор улсын нууц задруулж, улсын өмч болох нууц мэдээ дамуулсан тухай ярьж байна” гэж Украины ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч Ренат Кузьмин мэдээлжээ.
Түүний хэлснээс үзвэл, Наливайченко ТТГ-ын ажилтнуудад өрөө гаргаж өгч, нууц баримт бичгүүдтэй танилцах боломж олгож байжээ гэсэн депутатуудын мэдээллийг шалгаж байгааг хэвлэлд дурдсан байна. “Баримт мэдээ цуглуулж, Аюулаас хамгаалах зөвлөлийн бусад ажилтныг байцааж, экспертиз явуулж байгаа” гэж Кузьмин тэмдэглэжээ.
Валентин Наливайченко Украины ерөнхийлөгч асан Виктор Ющенкогийн хамтран зүтгэгч байсан ч, санал зөрөлдөөнөөс болоод тэр үеийн ерөнхийлөгчийн “Манай Украин” намаас гарчээ. Одоо тэр парламентын депутат бөгөөд Виталий Кличкогийн “Цохилт” намын бүлэгт багтдаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ