“Улаанбаатар”-ын өмнөх цэцэрлэгт сонгтуу эмэгтэй “хүндэрч” сууна


“Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгийг Монгол-Туркийн олон нийтийн хамтарсан байгууллага хэдэн жилийн тэртээ багагүй хөрөнгө заран байж овоо тохижуулсан билээ.Түүнийг “чимэж” байсан Лениний хөшөөг нь Хотын захирлын шийдвэрээр буулгасан. Ерээд оноос “янхны” тодотголтой болсон эл цэцэрлэгт одоо ч элдэв бусармаг явдал амь бөхтэй оршсоор байна. Мод, бутыг нь сайхан тарьж, сандал суудал тавьсан нь тэр хавийг уг нь овоо болгосон юм. Харин хараа хяналтгүй орхисноос “сахил аваад шал дордов”-ын үлгэр болжээ. Өнөөдөр бага үдийн алдад түүгээр явахдаа юу харсан гэж санана. Орон гэргүйчүүд бутных нь ёроолоод янз бүрийн юмс зулаад хэвтээд өгчээ. Унтаж байгаа юм уу, “тасарсан” улс уу гэдгийг ялгах арга алга. Хажуугийнх нь чулуун хашлага дээр хэдэн “хүнд гар” суучихсан “найрка”-гаа ууцгааж байв. За энэ ч ёстой дүүрчээ. Нэгэн согтуу эмэгтэй бутны завсар суучихсан “хүндэрч” байх нь харшгүй муухай юм. За тэгээд нөгөө алдарт янхнууд нь янжуур зуун, “яриа байна уу” хэмээн түүгээр явсан эрчүүдийг хоргоох нь хачин. Ямарч арга хэмжээ аваад тэднийг эмхэлж чадсангүй дээ. Доод зэрэглэлийн гэгдэх тэд ч согтуу явах ажээ. Сэгсэрдэг, гишгэдэг, шаар хагалдаг гэх тоглоом тоглуулагчид бүчээд авч. Тэр хавиар явахад энэ зунжингаа өмхий ханхлав.Мод, бутных нь ёроолд ил задгай бие зассанаас тэр биз. Харваас ажил хэрэгч байрын нэгэн хүртэл шээж зогсдог юм ш дээ. Тийм газар ямар олиг байхав. Архи, пиво, ундааны шил, сав хөлөөр нэг хөглөрөх нь даанч урамгүй дээ. Ер нь хогноос салдаггүй ганц газар гэсэн ч болно. Хот тохижилтынхон хар өглөөгүүр цэвэрлэдэг ч, яльгүй холдонгуут хогоор буцаад дарчихдаг нь тоогүй. Хогийн сав уг нь зөндөө л харагддаг юм билээ. Хотын захын хороолол ч бараг ийм байхгүй дээ. Баянхошуу, Улиастайгаар явж байхад балиартаагүй л байдаг даа. Нийслэлийн төв цэг ийм байгаа нь хотын голын гэгдэх Сүхбаатар дүүргийн Засаг даргатай холбоотой нь ойлгомжтой. Тэр нөхөр “сохорсон” бололтой. Нөгөө хууль, дүрэм сахиулагчдын бараа ч үзэгдэхгүй шүү. XI зууны монголчууд нийслэлдээ нэг иймэрхүү аж төрж байгааг эмгэнэл гэхээс яахав. Өөр хэлэх үг ч олдохгүй байна даа.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ