Барак Обамагийн охиныг хулгайлна гэв

Ираны шашны удирдагч Аятолла Хаменеигийн стратегийн асуудал эрхэлсэн зөвлөх Али-Реза Форгани блогтоо эвгүй бичиг үлдээжээ. Сири улсад цохилт өгвөл нэг хоног хүрэхгүй хугацаанд дэлхийд Америкийн төрийн албан хаагчид болон улстөрчдийн төрөл төрөгсөд хийгээд хүүхдүүд, тухайлбал АНУ-ын ерөнхийлөгчийн охин Наташаг хулгайлж тамлана хэмээн амлаж байна гэжээ. Цагаан ордны тэргүүн өөрөө “тамд очно” хэмээн Форгани лүндэн буулгажээ.

АНУ-ын тагнуулын албаны ээлжит мэдээллийн дараа ийм өдөөн хатгасан мэдээ гарсан байна. Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлбэл Иракийн нийслэл дэх Америкийн байгууллагууд, түүний дотор АНУ-ын Элчин сайдын яаманд халдах тушаалыг Ираны зүгээс Иракийн шиитийн дайчдад өгснийг тусгай албаныхан олж авсан хэмээн нотолсныг “The Wall Street Journal” сонинд мэдээлжээ.

Америкийн учрыг мэдэх хүмүүсийн хэлснээр лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын нэг бригадын захирагч ийм тушаал өгсөн байна. Үүнээс гадна Ливаны радикал үзэлт “Хезболлах” бүлэглэл Бейрут хотод суугаа Элчин сайдын яаманд халдаж болох юм хэмээн Америкийн цэргийнхэн бас болгоомжилж байгаа ажээ.Одоо Америкийн тэнгисийн явган цэргүүд бүс нутгийн янз бүрийн оронд байгаа дипломат төлөөлөгчийн газруудыг нүүлгэх ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ