Г.Пүрэвсүрэн: Эрт илрүүлбэл хорт хавдар эдгэнээ


Хавдрын талаар энгийн, товч тодорхой, зөв ойлголт уншигчдадаа өгөхөөр ХСҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор Г.Пүрэвсүрэнтэй ярилцав.
-Хавдрыг энгийнээр тодорхойлж болох уу?
-Бололгүй дээ. Эсийн зогсолтгүй, хяналтгүй, удирдлагагүй өсөлтийн үр дүнд үүсдэг өвчин. Хүний бие махбодийг бүрэлдүүлэгч эс үүсч, өсч, өтөлж, үхэж, дахин шинээр бий болж байдаг юм ш дээ. Харин хоргүй хавдрын хувьд анх үүссэн эрхтнийхээ хүрээнд л томордог. Өөрийн бүрхүүлтэй, түүнээсээ хальдаггүй гэж ойлгож болно. Эрхтнийхээ хязгаараас гарахгүй. Өөрөөр хэлбэл, бусад эрхтэнд үсэрхийлдэггүй юм.
Гэхдээ хорт хавдарт шилжих нь бий шүү. Үүнийг онцгой анхаарах хэрэгтэй. Хорт хавдрын эс дотроо өсөхөөс гадна, цус, тунгалгийн судсаар дамжин алсын эрхтнүүдэд үсэрхийлдэг. Ганцхан жишээ хэлье. Өндгөвчийн хорт хавдар хаа байсан ходоодонд үсэрхийлж, хоёрдогч хорт хавдар үүсгэх нь тохиолддог. Зэргэлдээх эрхтэнд цөмрөх бол энгийн үзэгдэл дээ.
-Үүсгэгч буюу шалтгааныг нь тоймлоод хэлж өгөөч?
-Шалтгаан хийгээд үүсгэгч нь маш олон. Халдварын гаралтай байна. Тухайлбал, В, С вирус элэгний анхдагч өмөн үүсгэдэг. В нь бэлгийн замаар, С нь цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн ариутгал муутай багаж хэрэгсэл, бохир тариур, шингэн сэлбэх, шивээс хийлгэх үед голдуу халддаг. Умайн хүзүүний хорт хавдар байна. Папилома буюу хөхөнцөр вирусын халдвар ч гэдэг.
Бэлгийн замаар дамжина. Хеликобактер ходоодны хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Бактераар бохирдсон аяга таваг, халбага сэрээ, бохир гар, хоол ундаар дамжаад ходоодны салст бүрхэвч дор очиж байрлана. Ингээд ходоодны салстын улайлт, шархлаа үүсгээд тэр нь хорт хавдар болно. Амьдралын эрсдэлт хэв маяг гэж бий. Хэт таргалах, буруу хооллох, хөдөлгөөн хомсдох нь хортой.Тамхидалт уушигны хорт хавдрын 90 хувийг үүсгэх магадлалтай. Архидалт элгийг сүйрүүлдэг. Орчны хүчин зүйлийн нөлөө байдаг. Уул уурхай болон барилгын салбарт ажиллагсдын хувьд тоосонцроор үүссэн хорт бодисууд уушигны хавдар үүсэх эрсдлийг ихэсгэдэг.
Барилгын салбарынханд шилэн хөвөн аюултай. Эдгээр нь хорт хавдар үүсгэдэг хорт бодис ялгаруулдаг. Нүүрсний уурхайд ажилладаг хүмүүс түүний тоосонцроор амьсгалснаас уушиг хатуурахад хүргэдэг антрикоз гэдэг өвчинд өртдөг. Лаборатори, хими, будгийн үйлдвэрийнхэн олон цагарагт бүтэц бүхий органик бодис болох бензолд хордох нь элбэг. Бас л хорт хавдрын сонгодог үүсгэгчийн нэг. Баталгаагүй хоол, хүнс эрсдлийг нэмэгдүүлнэ. Хүнсний ногоог муутгахгүйгээр удаан хадгалахын тулд консервант бодис хэрэглэдэг. Тэр нь их осолтой. Давсыг тоодоггүй нь гай болдог.
ДЭМБ-ын зөвлөмжөөр хүн хоногт 07 грамм давс хэрэглэх ёстой. Манайд 15 грамм болчихдог. Хеликобактерын амьдрах таатай орчин бүрдүүлдэг нь тогтоогдсон. Өөх, тос их хэрэглэснээс үүссэн таргалалт бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдарт өртүүлэх магадлалтай. Хорт хавдар үүсэхэд удамшлын шалтгаан 10 хувьтай гэдэг. Тоймловол нэг иймэрхүү. Нарийн тоочвол тоо томшгүй юм бий.
-Хорт хавдрын ерөнхий шинж юу вэ?
-Аль ч хавдрын үед шалтгаантай уялдаатай шинж илэрдэг юм. Хавдарт өртсөн эрхтний үйл ажиллагааны хямралаас болж, өвчтөн юуны түрүүнд ядарч, туйлдаж, эцэж, турдаг. Царай зүс алдана. Хоолонд дургүй болно. Хордлогын шинжүүд давамгайлах нь бий. Өвдөлт үүснэ. Нойргүйдэл, сэтгэл гутрал ч тохиолдоно. Бүх хавдрын үед гардаг ерөнхий шинж энэ. Тухайн эрхтний хавдраас болоод бусад шинж илэрнэ. Улаан хоолойн хорт хавдрын өвөрмөц шинж нь яваандаа хоол, унд орохоо байх.
Элэгний хорт хавдрын үед арьс, салст шарлах, хэвлийд шингэн хуралдах гэхчлэн ургасан эрхтнийхээ үүрэгт саад учруулах маягтай шинжүүд илэрдэг. Нарийвчилж хэлбэл мэдээж маш олон шинж илэрнэ. Хавдрын явцын үе шатаасаа болоод дараа дараагийн шинжүүд цувраад гараад ирнэ шүү дээ. Тэр гэхийн тэмдэггүй.
-Тэгэхээр би хавдартай болжээ гэдгийг багцаалдаж болох нь ээ?
-Гярхай, няхуур, мэдрэмжтэй хүн бол багцаалдах боломжтой. Дээрх ерөнхий шинж анзаарагдвал эмнэлэгт даруй хандах ёстой. Шалтгаангүй ядарч цуцаад байвал сэжигтэй ш дээ.
-Эмчилгээний онцлог юу вэ?
-Эрт илрүүлээд мэс засал хийлгэвэл төгс эмчилж болно. Эмчилгээний олон төрлийн арга бий. Өвчний үе шатаас их хамаарна. Хавдрыг мэс засал, туяа, хими эмчилгээний хосолсон аргаар анагаадаг. Эцсийн шатанд хөнгөвчлөх эмчилгээ хийнэ. Энд нэг тайлбар хиймээр байна. Хорт хавдрын өвчлөл, нас баралт жилээс жилд өсөн нэмэгдэж, ялангуяа орон нутгийн хүн ам дунд өндөр хувь эзлэх болов. Шинээр оношилогдсон хорт хавдрын 70 гаруй хувь нь 3-4 дүгээр үедээ буюу төгс эмчлэх боломжгүй шатандаа эмнэлэгт хандаж байна. Энэ нь мэдээлэл хомс, мэргэшсэн эмчийн хүрэлцээ дутмаг, хот суурингаас алслагдсан иргэд эмнэлгийн анхан шатны үзлэг, оношилгоонд хамрагдах боломж тааруутай холбоотой юм. Үүнд онцгой анхаарах нь чухал. Товчхондоо, эрсдлээс зайлсхийж, эрт илрүүлбэл хорт хавдар эдгэнээ.
-Өвөрмөц урьдчилан сэргийлэлт байна биз?
-Анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэлттэй. Хувь хүн хавдраас сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй байгаад үзлэг, шинжилгээ, оношилгоонд сайн дураар хамрагдах. Аль ч насныхан, тэр дундаа 40-өөс дээш настай хүмүүс ядаж жилд нэг удаа үзлэгт заавал орох хэрэгтэй. В вирусаар үүсдэг хавдрын эсрэг вакцинжуулалт бий. Хүүхдийг төрөнгүүт хийдэг юм. Умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг хөхөнцөр вирусын эсрэг тарилга байдаг. Нийслэл, зарим аймгийн 11-14 хүртэлх насны охидыг хамруулсан шүү дээ. Үүнийг анхдагч урьдчилан сэргийлэлт гэдэг.
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэнэ. Эмнэлгүүд харъяа хороо, дүүрэг, сумынхаа иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, хувь хүн өөрсдөө сэтгэл гарган оролцохыг ерөнхийд нь хоёрдогч урьдчилан сэргийлэлтэд багтаадаг даа.
Манайд жилд хавдрын 4500 шинэ тохиолдол бүртгэгдэж, 80 орчим хувь нь хожуу илэрч, 3000-гаад нь нас бардаг гэсэн тоо бий. Дашрамд хэлэхэд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч та нарын үүрэг ч их. Бидний хэлсэн, хийснийг та нар дамжуулснаар иргэд төдий хэмжээгээр мэдлэг, мэдээлэлтэй болно. Тэгээд өөрсдийгөө аливаа өвчнөөс сэргийлэхэд дөхөмтэй шүү дээ.
-Дэлхийн жишиг ямар байдаг юм бол?
-Жилд 12,6 сая тохиолдол шинээр илэрч 7.6 сая нь нас бардаг гэсэн баримт харагддаг юм. Өөрөөр хэлбэл,10 хүний долоо нь нас бардаг гэсэн үг. Иймээс хорт хавдартай тэмцэх нь дэлхийн аль ч улс орны Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг юм
-Танайхаас ХААН банк, МҮОНРТ-тэй хамтран зохиодог “Хавдрын эсрэг аян” үр дүнгээ өгч байна уу?
-Өгөлгүй яахав. Энэ жил гурав дахиа зохиогдож байна. Баримтаар ярья л даа. Өнгөрсөн хоёр аяны дүн гарсан. Нийтдээ 40600 гаруй хүнийг хамруулсан байдаг юм. Нарийн мэргэжлийн эмч нарын тусламж, үйлчилгээг орон нутгийн иргэдэд ойртуулдаг гэж ойлговол зохино. 2011 оны аянаар 21 аймаг, есөн дүүргийн 20154 хүн хамруулжээ. Өнгөрсөн онд 12 аймгийн 20462 хүнд хүрсэн байна лээ. Энэ онд найман аймгийн иргэдэд үйлчилнэ. Өнгөрсөн хоёр аяны хүрээнд хавдрын урьтал өвчин 3482-ыг илрүүлжээ. Хоргүй хавдар 3521, хорт хавдрын сэжигтэй 538 хүнийг тодруулсан байна. Орон нутгийн 4337 хүнд эсийн шинжилгээ хийжээ. Батлагдсан хавдар 218 гарчээ. Тэдний 142 нь манайхаар, бусад нь аймаг, дүүргийнхээ эмнэлгээр үйлчлүүлжээ. Орон нутагт 165 хүнд хагалгаа хийсэн байдаг. "Хаан банк сан"-гаас 300 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлсэн мэдээ гарсан.
Зөвхөн манай өндөр, нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, шинжилгээ, оношилгоо, мэс засал хийгээд орхидоггүй. Орон нутгийн эмч нарыг дагалдуулан, мэдлэг, ур чадварыг нь сэргээх сургалт зохиодог нь ихээхэн ач холбогдолтой л доо. Орон нутгийн 2160 эмч, 480 сувилагчийг хамруулсан нь түүний гэрч. Ингэснээр хорт хавдрын 34 хувийг эрт илрүүлсэн тухай статистик баримт гарчээ. Ердийн үед 20 хувьтай ш дээ. Төгс эмчлэх магадлалыг өндөрсгөж байгаа биз. Яахын аргагүй үр дүнтэй ажил гэж үүнийг л хэлэх биз. Хэрэв аян байгаагүй бол гэдгийг өөрсдөө бодоод үзээрэй.
-ХААН банкныхан өөрсдөөсөө хавдрын эсрэг сургалт, сурталчилгааны сайн дурын ажилтан бэлтгэдэг юм билээ?
-ХААН банк 500 салбарынхаа 1000 орчим ажилтныг сайн дураар бэлтгэсэн. Тэд 2011 онд нэг өдөр зохиосон ажилдаа 13 мянган хүн хамруулсан. Мэдээж сум, өрхийн эмч нартай хамтарч хийнэ шүү дээ. Өнгөрсөн онд ганцхан өдөрт ерөнхий боловсролын сургуулийн 50 мянган сурагчид сургалт, сурталчилгаа хийсэн үзүүлэлт байна.
-Хорт хавдраа төгс эмчлүүлсэн жишээ хэлнэ үү?
-Олон шүү дээ. Алийг нь гэх вэ. Олны танил хүнээс тухайн үед Эрүүлийг хамгаалах яамны сайд байсан Д.Ням-Осор багш бүдүүн гэдэсний хорт хавдрын хагалгаа аль наяад онд хийлгээд, одоо энх тунх 80 гараад л явж байна шүү дээ. Сайд гэдгээр нь сайн хагалгаа хийгээгүй нь мэдээж. Манай эмч нарын мэдлэг, ур чадварын түвшинг харуулж байгаа хэрэг л дээ. Өөр хүн бол маш олон бий.
-Төгсгөлийн үгийг танд үлдээе?
-Дахин анхааруулахад, манай Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө бодлогоо чиглүүлэх ёстой. Бүр дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэх нь чухал байна. Өвчин, эмгэг тухайн улсын эдийн засагт асар их сөрөг үр дагавартайг мартаж болохгүй.
Эмч, сэтгүүлч Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ