"Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурлыг дахин хойшлууллаа

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох товтой байв. Харин Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр орж буй өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргажээ. Мөн нэг өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүхээс шинээр орж буй өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлтийг хуулийн үндэслэлтэй гэж хүлээж авч шүүх хуралдааныг хойшлууллаа. Шүүх хуралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний 10:00 цагт товложээ.

Хэргийг эргэн сануулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин