Хүчин үйлдсэн этгээдүүдийг цаазаар авахыг шаардаж байна

Энэтхэгийн нийслэл Дели хотноо дээд шүүхийн урд олон хүмүүс цугларч өнгөрсөн арванхоёрдугаар сард оюутан охиныг зэрлэгээр хүчиндсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ оноохыг шаардаж байна. Өмнө нь хүчингийн хэрэг гардаг байсан боловч олны анхаарлыг тийнхүү гойд ихээр татаж байсан удаагүй. Харин түүнээс хойш ч хүчингийн элдэв балмад хэрэг тасрахаа болиод байгаа билээ.

Арванхоёрдугаар сард хүчирхийлэлд өртсөн охин найз залуугийнхаа хамтаар автобусанд явж байхдаа хүчиндүүлсэн байдаг. Харин түүнээс хойш эмчилгээ хийлгэх гэж оролдоод ч бие нь дийлэлгүй хоёр долоо хоногийн дараа нас барсан юм.

Энэ хэргийн дараа Энэтхэгийн хэд хэдэн томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал болсон боловч хэрэгтэн этгээдүүдэд тохирсон ял шийтгэл оноогоогүй хэмээн иргэд ихэд эгдүүцэж байгаа. Энэтхэг даяар эмэгтэйчүүд, охидын аюулгүй байдлыг сайжруулахыг засгийн газраасаа шаардсан боловч, төдийлөн энэ байдал дээрдэхгүй байгаа. Үүний илрэл бол өнгөрсөн сард гэрэл зургийн сэтгүүлч эмэгтэй мөн зургаан этгээдэд хүчиндүүлсэн хэрэг болов. Тэрхүү бузар хэргийн үйлдсэн этгээдүүд мөн баривчлагдсан хэдий ч, тэдэнд мөн ял шийтгэл хараахан оноогоогүй байгаа. Тиймээс иргэд цуглаж тэдгээр этгээдүүдэд ялын дээд хэмжээ оноохыг шаардаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ