Монголын баг тамирчид анх удаа дартсын төрлөөр алтан медаль, цом авлаа

Дартсын төрлөөр Монголын анхны алтан медалийг авсан тамирчид мэдээлж байна.

Тэд хэлэхдээ "Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид энэ сарын 3-6-ны өдрүүдэд Тайвань улсын Тайпей хотод болсон Ази номхон далайн бүсийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцов.

Тэмцээнд, Монголын шигшээ багийн тамирчид буюу 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, анхны цом, алтан медалийг авсан амжилт гаргалаа.

Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөл болон өсвөрийн гэсэн гурван төрөлд тамирчид хүч сорилоо. Ази номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд мөн анх удаа өсвөрийн ангилал нэмэгдсэнээрээ онцлог байв.

Өсвөрийн эрэгтэй ганцаарчилсан төрөлд тамирчин М.Тэлмэн аваргалсан. Мөн төрөлд н.Батболд гуравдугаар байрт шалгарсан. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд н.Анхилуун хүрэл медаль хүртсэн.

Дан болон холимог хосын төрөлд тус бүрд мөнгөн медаль хүртэв. Нийлбэр дүнгээр өсвөрийн тамирчид болох хөвгүүд цомын эзэн болсон.

Харин насанд хүрэгчдийн эмэгтэйчүүд, багийн төрөлд хүрэл медаль, дан хосын төрөлд н.Оюун-Эрдэнэ, н.Одончимэг нар мөн хүрэл медаль хүртсэн.

Эрэгтэйчүүдийн хувьд, дээрх гурван төрөлд амжилттай оролцсон. Багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бол ганцаарчилсан төрөлд н.Алтантүлхүүр мөнгөн медаль, хосын төрөлд н.Алтантүлхүүр, н.Жаргалсайхан нар мөнгөн медаль хүртэв. Нийлбэр дүнгээрээ цомын эзэд боллоо.

Энэ цом нь Ази номхон далайн орнуудыг 19 удаа тойрон явсан бол анх удаа Монголд ирж буй нь энэ юм.

Манай улсын хувьд дартсын төрлөөр сүүлийн 30 жилд байгаагүй амжилтыг бид бүтээлээ" хэмээн мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин