АН: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг дэмжсэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2024.11.25/ мэдээлэл хийлээ.


АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой маргааш тохионо. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хоёр үндсэн асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Анхдугаар Үндсэн хуулийг баталж, БНМАУ-ыг тунхагласны 100 жилийн ойд зориулан Ардчилсан намын үе үеийн Ардын Их Хурлын депутатууд, Анхны байнгын ажиллагаатай бага хурлын гишүүдийг, парламентын гишүүдийг урьж, өргөтгөсөн хүндэтгэлийн хурлыг хийсэн. Агуулга нь бид үүх түүхээ байгаагаар нь үнэлж цэгнэе. Сайн талыг нь эргэн хэлэлцэж, бахархах ёстой. Анхдугаар Үндсэн хуулийг батлахад алдаа дутагдалтай зүйл байсан. Энэ бүхэнд судлаачдын байр суурийг сонссон. Хоёрт, энэ долоо хоногт Улс төрийн намын тухай хуулийг яаралтайгаар өргөн барьсан. Энэ хуулийг 2023 оны долдугаар сарын 7-нд баталсан. Үндсэн хэрэгжилт нь 2025  оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой.

Бид өнгөрсөн хугацаанд Монголд болж бүтэхгүй байгаа асуудлын үндсэн шалтгааны нэг нь улс төрийн намууд гэж үзэж ирсэн. Улс төрийн намууд ил, далд хэлбэрээр санхүүжиж байна. Дотоод ардчилалгүй, авлига цэцэглэж байна.

Улс төрийн намуудаар дамжуулан төрд хариуцлагын тогтолцоо байхгүй байна. Энэ бүгдийг засч, залруулах үндэс нь Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт гэж нэг жилийн өмнө баталсан. Тиймээс энэ хуулийн хэрэгжилтийг 2027 оны наймдугаар сарын 1-н хүртэл хойшлуулъя гэдэг дээр ач холбогдол өгч ярилцлаа. Ардчилсан намын бүлгийн хуралд 31 гишүүн оролцсоноос 18 нь хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн. Хуулийг өөрсдөдөө тааруулж батлах ёсгүй гэж үзлээ.

Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг АН-ын бүлэг дэмжсэнгүй. Хуулийн төслийн танилцуулгад улс төрийн намууд үлдэж буй хугацаанд зохион байгуулалтын дүрмийн өөрчлөлтийг хийж амжихгүй учраас 2027 оны наймдугаар сар хүртэл хойшлуулах талаар дурдсан байна лээ.

Энэ хууль өөрөө 2023 оны долдугаар сард батлагдаж, хэрэгжих хугацааг нь тодорхой заасан. Бид хуулийн дор амьдрах ёстой. Хэрэв улс төрийн намууд бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөхөд хүндрэлтэй байгаа бол нэг, хоёр сараар хойшлуулахгүйгээр хоёр жилээр хойшлуулж байгаа юм бэ гэдэг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа юм. Хугацаа нь урт байгаад ямар нэгэн тайлбар хэлээгүй учраас бүлгийн гишүүд ийм шийдвэр гаргасан гэв.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд хэн ч байсан тодорхой хуульд заасан үүрэг чиглэлийг биелүүлэх ёстой. Бид 1.6 жилийн өмнө батлагдсан хуулийг хэрэгжүүлмээргүй байна, улс төрийн намууд хамтарсан учраас яасан ч яахав гэж хуульд хандаж болохгүй байх гэж бодож байна. Хуульд юу гэж зааснаа биелүүлэх чиг үүрэгтэй. Хуулийг засварлаж, хуулийн дээр гарч болохгүй. Ардчилсан намын олонхын шийдвэрийг дуулгаж байна. Ардчилсан намын хувьд орон даяар бүтэц, зохион байгуулалттай, дүрэм журамтай нам. Үнэхээр шаардлагатай бол хуульд заасны дагуу тодорхой богино хугацаагаар хойшлуулахыг ярилцаж болох байх. Энэ хуулийн үзэл баримтлалаар улс төрийн намуудыг сүлжээний бус бодлогын нам болгох үндсэн чиглэлтэй. Улс төрийн намууд томоохон өөрчлөлтийг маш яаралтайгаар хийх ёстой гэж үзэж байна.

Энэ долоо хоногт 2025 оны улсын төсвийг Ёс зүй, дэгийн байнгын хороогоор оруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм билээ. Ардчилсан намын бүлгийн хурал дээр энэ асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин