Т.Мөнхсайхан: Гэрээний хэтрэлттэй эмнэлгүүдийн даатгалын санхүүжилтийг зогсоосон

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл гэрээ нь хэтэрсэн эмнэлгүүдэд хойшлуулж болох эмчилгээнүүдэд санхүүжилтээ зогсоосон байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдэл хийлээ.

Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн. Энэ сан хязгаарлагдмал хөрөнгөтэй учраас тэр хэмжээндээ багтаагаад эмнэлгүүдэд, тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээг хийсэн байгаа. Улсын томоохон эмнэлгүүдэд гэрээний хэтрэлт бий.

Тухайлбал, Монгол-Японы эмнэлэг, Улсын III болон I-р төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүд гэрээний хэтрэлттэй байна. Гэхдээ эдгээр эмнэлгүүд дээр гэрээний хэтрэлттэй байна гээд нэн яаралтай шаардлагатай үзүүлэх тусламж, үйлчилгээг зогсоосон зүйл байхгүй. Харин архаг хууч өвчлөл буюу ялангуяа рашаан сувилал юм уу, архаг ядаргаа зэрэг оношоор хэвтэж эмчлүүлэхийг гэрээнд заасны дагуу ирэх он руу шилжүүлж, тусламж, үйлчилгээгээ үзүүлээрэй гэсэн зохицуулалт хийсэн. Эргээд томуугийн дэгдэлтийн үе эхэлж байгаа учраас эмнэлэгт халдвар авах, тархах өндөртэй байдаг. Иймд энэ тусламж үйлчилгээнүүдийг томуугийн улирал дууссаны дараа үзүүлэх шаардлагатай гэдэг зохицуулалтуудыг хийж байгаа. Ер нь Эрүүл мэндийн яам бодлого тодорхойлдог байгууллагын хувьд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж тодорхой шийдвэрүүдийг гаргаж, ажиллах нь хууль ёсны бидний хийх ёстой гол ажил.

Сайд болон ЭМДЕГ-ын мэдээлснээр эмнэлгүүд яаралтай тусламж, үйлчилгээгээ хэвийн үзүүлээд явна, харин архаг хууч өвчин болон бусад зовууриар эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгал түр хугацаанд үйлчлэхгүй байгаа аж. Ялангуяа иргэдийн олноор үйлчлүүлдэг Монгол-Японы эмнэлэг, Улсын III болон I-р төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүд гэрээний хэтрэлттэй байгаа учраас дараа оны төсвийн санхүүжилт эхэлтэл түр даатгалаар үйлчлэхгүй бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин