Парисын “Их дуулга”-д 10 тамирчин зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооны шинэ оны тэмцээн Мараккогийн Касабланка хотод болох Африкийн нээлттэй тэмцээнээр эхэлж байгаа билээ. Харин “Их дуулга”-ын цуврал тэмцээн ирэх сарын 1-нд эхлэнэ. Тодруулбал, Францын Парис хотод хоёрдугаар сарын 1-нд “Их дуулга”-ын эхний цуврал тэмцээн болох юм. Энэхүү тэмцээн чансаагаараа Олимп, ДАШТ, Токиогийн “Их дуулга”, “Мастерс” ангиллын дараа эрэмбэлэгддэг. Лос Анжелесийн олимпын мөчлөгийн анхны “Их дуулга”-д одоогоор 21 орны 150 гаруй жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин зодоглоно. Эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер К.Ёолк, Б.Сүхбат, 66 кг-д Б.Нямренчин, Г.Хэрлэн, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа, 57 кг-д О.Оюунчимэг, 70 кг-д С.Лхагвадулам нар барилдана. Олон улсын жүдо бөхийн холбооноос 2025 онд “Их дуулга” ангиллын 10, гранпри ангиллын гурван тэмцээн зохион байгуулагдах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 34 мин