Ам.долларын ханш өссөн. Гэхдээ...

Долоодугаар сарын сүүл үеэс эхлэн ам.долларын ханш бага багаар нэмэгдсээр есдүгээр сарын эхээр тэнгэрт тултал өсөж нэгж нь 1700-г давлаа.
Харин өчигдрөөс эхлэн ам.долларын авах ханш 100 төгрөгөөр буурчээ. Энэ нь УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооныхонтой уулзаж, долларын ханшийг хөөрөгдөж буй эзнийг олж, хариуцлага тооцохыг үүрэг болгосонтой холбоотой. Долларын ханш нь түүхэнд байгаагүй өндөрт хүрч буй энэ үед ханшийг зохиомлоор нэмэх тохиолдол гараад байгаа учир ийм үүрэг өгсөн.
Ингээд ам.долларын ханш юунаас болоод өссөн юм бол гээд олон асуулт ар араасаа хөвөрч байна.
Долларын ханш яагаад өсөв
Америк доллар өсч байгаа нь уул уурхайн хөрөнгө оруулалт, уул уурхайн бүтээгдэхүүний эскпорттой шууд хамааралтай. Бид асуудлын нэг талыг нь л хараад байна.
Энэ оны эхнээс дэлхий даяар ам.долларын ханш чангарсаар байгаа юм. Тэр дундаа уул уурхайд нь төрийн оролцоо бараг байхгүй, макро эдийн засгийн орчин маш сайн бүрэлдсэн Австрали, Канад, Чили зэрэг орнуудад ч ам.долларын ханш үндэсний валюттай нь харьцуулахад эрс чангарсныг Блүүмбэрг онцолж байна.
Тэгэхээр Монголд ам.долларын төгрөгтэй харьцах ханш өсөөд байгаагийн нэг шалтгаан нь энэ юм. Төгрөгийн ханш сулраад байгаа нь манай голлон экспортлодог уул уурхайн түүхий эдийн үнийн савлагаанаас илүү Америкийн засгийн газар өнгөрөгч хямралын үеэр маш их хэмжээгээр тараасан ам.доллароо эргүүлэн татаж эхэлсэнтэй шууд холбоотой.
Гадаад ба дотоод шалтгаанаар ам.долларын ханш өсч байдаг. 2009 онд ам.долларын ханш 1700 төгрөг хүрэхэд бензиний үнэ 2000 төгрөгт хүрч ШТС дээр урт дараалал үүсч байсан. Мөн тэр жил олон бизнес дампуурч 70000 хүн ажилгүй болсон мэдээлэл Үндэстний статистикийн хорооны тухайн үеийн эмхтгэл дээр бий.
Долларын үнэ өссөн ч манай улсад нефтийн үнэ өссөн үү
Энэ жил манай улсад ам.доллар 1700 гарсан ч инфляцид хамгийн ихээр нөлөөлдөг, өргөн хэрэглээний бараа бүтэгээдэхүүний үнийг шууд нэмэгдүүлдэг нефтийн бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөөгүй байна. Өөрчлөгдөхгүй гэдгийг ч Засгийн газрын тэргүүн өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог "Ерөнхий сайдын 30 минут" уулзалтын үеэр хэлж байсныг санаж байна.
Тодруулбал, жил бүрийн энэ өдрүүдэд валютын ханшид өөрчлөлт ордог. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор татвар нэмэх бодлого Засгийн газарт байхгүй. Мөн энэ өөрчлөлтийг дагаж шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж байсан.
Мөн Оюу толгой зэрэг уул уурхайн компаниудыг эс тооцвол ажлын байр нэмэгдэж, хүмүүс ажилтай болж байгаа мэдээлэл Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн сарын эмхтгэлд нийтлэгдсэн байна.
Ханшийн өсөлтийн шалтгаанд ихэвчлэн төр засаг л буруутай гэсэн ойлголт иргэдийн дунд төрчихөж.
Гэхдээ гадаад болон дотоод нөхцөл байдал ийм хүнд байхад импортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нефтийн үнийг тогтвортой барьж мөн ажлын байрыг нэмэгдүүлж байгаа төр засгаа муулах нь "амны билэггүй" санагдах юм.
Х.Алтанзагас
gogo.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ