Гурван Ганхуягийн тавилан

Нэр нэгтэй ч хорвоогийн гурван өөр замналаар амьдарч яваа гурван өөр нэгний тухай www.bataar.mn сайт цувралаар хүргэдэг билээ. Энэ удаа Ганхуягуудын тавиланг та бүхэн сонирхоорой.
Талх хоч дээрээ салаавч хоч нэмсэн нь
Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг сүүлийн хэдэн сар зурагтын дэлгэц, сонины хуудсанд байнга харагдаж, бичигдэх боллоо. Талх Ганхуяг хочтой байсан мань хүн одоо салаавч хоч нэмчихээд байгаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Б.Болдсайхан эмч тэргүүтэй таван жиргээчидтэй нэгдэн төрийн ордон руу салаавч гаргаж “тэнэгтсэн”. Энэ үйл ажиллагаагаа мань эр өөрөө удирдаж, зохион байгуулсан гэж байгаа. Түүнийхээр ардчилсан улсад амьдарч байгаагаа мэдрэх гэж эсэргүүцлийн шинэ хэлбэр зохиож, иргэний зориг гаргасан нь энэ гэнэ.
Гэтэл энэ этгээд үйлдэл нь цагдаагийн байгууллагад шалгагдахдаа хүрчихэж. Болж болж. “Хас”-ын Ганхуягийг хэн ч муухай залуу гэхгүй. Цагтаа сангийн дэд сайд байсан өндөр боловсролтой хүн одоо гудамжны “бөбө” нараас дор аашилж байгаа нь ердөөсөө таалагдсангүй.
Түүнтэй хамт ийм үйлдэл хийсэн Б.Болдсайханыг цагдаагийн газраас мэдүүлэг авахаар дуудсан бол Ч.Ганхуяг эзгүй байсан учраас мэдэгдэл хүргүүлж чадаагүй байна. Тэрбээр Дэлхийн Эдийн Засгийн Форумын Зуны Давосын чуулганд оролцохоор хилийн дээс алхсан юм байх. Ямартаа ч түүнийг буцаж ирэхэд нь хуулийнхан байцаалт авч, "сахилагагүйтсэн" үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдэх болоод байна. Энэ мэт "Салаавч" гаргаж, монголоо хөгжүүлдэг эрхмүүдулс төрд "мода" болжээ. Болохгүй, бүтэхгүй юм болбол "салаавч" өгөөд сайхан болгочихно гэж ямар тэнэгийнх нь санаанд буудаг байна аа.
Гучин есөн настай тэрбээр 1973 онд Улаанбаатар хотод Чулуун, Догмид нарын ууган хүү болж мэндэлжээ. Нийслэлийн 23-р дунд сургуулийг төгсөөд Унгарын Будапешт хот дахь Элчин сайдын орос сургуульд суралцаж байв. Ажлын гараагаа Монгол банкинд хянан шалгагчаас эхэлж, 1998 онд НҮБ-ын "Микро Старт" жижиг зээлийн төслийн удирдагчаар ажиллахаар болсон байна.
“Хас” банкыг 1999 онд байгуулсан Ч.Ганхуяг одоо таван хувийг нь эзэмшдэг. “Хас” банкны захирлаар 2009 он хүртэл ажиллаж байгаад Тэнгэр санхүүгийн группыг удирдах болжээ.Монголын хамгийн идэвхитэй “жиргээчид”-ийн нэг. Тэрбээр өөрийгөө “Монголдоо айргийн тавд багтдаг” гэж тодорхойлжээ. Хэт их жиргэдэг болохоороо заримдаа бас л хэл аманд их өртөх юм. “Твиттер” хуудсандаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын хэрүүлийг улам дэвэргэсэн маягаар “гоё” хэмээн онцолж хадгалсан байсныг хүмүүс “Ус үзээгүй байж гутал тайлна, уул үзээгүй байж хормой шууна” гэгчээр хоёр хүний хэрүүлийг дэвэргэх нь өөрт нь таатай байсан юм байхдаа гэцгээн шүүмжилж байв.
Бас цэргийн баяраар буюу гуравдугаар сарын 18-нд “Монголыг 1921 онд Манжийн дарлалаас гарсан” гэж 1911 оныг андууран твиттертээ бичсэн нь бас нэг шуугиан тариад авав. Зарим хэвлэлийн хуудсанд түүнийг “түүх судлах хэрэгтэй” гэж хурц шүүмжилсэн нь явсаар “түүх судлаач” гэж егөөдсөн нэр болгож байсан.
Тэрбээр “Оюутан байхдаа долоо хоногийн гурван өдөр дискоддог байлаа. Дараа нь хоёр болж цөөрөөд одоо бол сардаа хоёр удаа болчихоод байгаа” гэж оюутан ахуй цагаа дурсжээ. 2004 оны зургаадугаар сарын нэгэнд өөрийнх нь банкинд теллер хийж байсан Г.Уянга гэх сайхан бүсгүйтэй гэрлэж, одоо дөрвөн хүүгийн хамт өнөр олуулаа аж төрж буй.Түүний Гэргийн уянга нь үнэтэй хувцас өмсөж, ихэмсэг бардам дүр төрхөөрөө байнга эрчүүдийн харааг булааж, анхаарлыг нь татаж байдаг юм гэсэн. Г.Уянгаас өмнө их сургуулийн төгсөх курсд байхдаа УИХ-ын гишүүн асан Л.Одончимэдийн охин О.Одгэрэлтэй гэрлэж нэг хүүтэй болсон гэдэг. Хоёр машин, лизенгээр авсан нэг мотоциклтой, эхнэр нь нэг машинтай. Нийтдээ дөрвөн унаа хөлөглөдөг нэгэн.
“Хас” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж олонд танигдсан Чулууны Ганхуяг анх НИТХ-ын сонгуульд 2008 онд бие дааж нэр дэвшээд навс ялагдсан билээ. Ганцаараа зүтгээд барахгүйгээ мэдсэн Ч.Ганхуяг дараахан нь МАН-д элсэн, Сангийн дэд сайд болтлоо явсан. Тухайн үед Ерөнхий сайд асан Сү.Батболдыг сүүдэр шиг дагаж явсны хүчинд Сангийн дэд сайд болтлоо дэвшсэн хэрэг. 2010 онд МОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдож, Сангийн дэд сайдаар ажиллах болсон тэрбээр 2011 онд “Шууд” телевизийн “Ганбир” ток шоунд оролцох үедээ сэтгүүлчийн “Талхны үнэ хэд байгаа вэ?” гэсэн асуултанд хариулж чадаагүйг нь олон хүн шүүмжилсэн. Сангийн дэдсайд байж иргэдийнхээ иддэг талхны үнийг мэддэггүй гэж олон хүн бухимдаж байсан ч Ч.Ганхуягийг энэ үйл явдлаар олон нийт таньдаг болсон. Тэрбээр хүмүүсээс нэлээд шүүмж хүртсэндээ ихэд ичсэн гэсэн. Учир нь хүмүүс түүнд “Одоогоос 7-8 жилийн өмнө талхны үнэ 300 төгрөг болсон. Түүнээс хойш шат дараалан нэмсээр одоо 600 гаруй төгрөг болсон байгаа шүү дээ. Одоо цагт талхны үнэ 300 төгрөг байдаг бол иргэдийн амьжиргааны төвшин ямар дээгүүр байх бол доо” гэх мэтээр нийтдээ түүнд 1000 гаруй хүнээс шүүмж ирсэн гэнэ билээ. Зарим нь түүнийг элдвээр хэлж, хараалын үг чулуудсан байна. Түүнээс хойш тэрбээр дахин ийм аймаар алдаа гаргахгүй хэмээн амлаж, дэлгүүр их хэсч үнэ судалдаг болсон гэх юм билээ. Үнэн ч юм уу худлаа ч юм уу.
Юу юугаа ч мэдэхгүй юм уу аль эсвэл үг, үйлдэлдээ хяналт тавьдаггүй юм уу мэдэхгүй. Ямар ч байсан энэ хүнд ард түмэн итгэхээ больчихсон, тоглоом тохуу хийгээд сууж байдаг болж. Төрийн ордонд байсан хүн одоо төрийн ордны гадна салаавч гаргаад явж байх ч гэж.
Оюутолгойн төлөө тэмцэгч сайд
Хоёр дахь Ганхуяг бол 50 гарчихсан настай хүн гэхэд залуу хүн шиг сайхан цээл хоолойтой хүн дээ. Надад их таалагддаг юм. Кинонд дуу оруулагчаар авчихмаар.
Д.Ганхуяг бол бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан УИХ-ын гишүүдийн нэг, Уул уурхайн сайд. Зах зээлд шилжсэн 1991 онд анх япончуудтай хамтран “Бридж” группийг байгуулж, парламентийн гишүүн болтлоо ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв. Тэрбээр 2011 онд “Hero” сэтгүүлээс гаргасан Монголын 100 тэрбумтны жагсаалтад 64-т бичигдсэн. Уг сэтгүүлд түүний нийт хөрөнгийг ойролцоогоор 45 сая ам.доллар гэжээ. Архангай аймгийн Цахир сумын уугуул сайд маань 1963 онд төрсөн. Таван хүү, таван охинтой олон хүүхэдтэй малчин айлын гурав дахь хүү. Багадаа бөх барилдах сонирхолтой байсан гэдэг бөгөөд сургуулийнхаа үндэсний болон чөлөөт бөхийн аварга болж байжээ.
Тэрбээр 2004 оноос хойш АН-аас гурван удаа дараалан Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдоод байна. Хими технологийн инженер мэргэжилтэй тэрбээр Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет, 1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль, 1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургуулийг Хими технологийн инженер мэргэжлээр, 1990онд Удирдлагын хөгжлийн институт, 1996 онд АНУ-ын Корорадо мужийн Денверийн их сургуулийнЭдийн засаг менежментийн институтийг тус тус төгссөн.
Японд сургууль төгсөгчдийн "Жугамо" нийгэмлэгийн ерөнхийлөгч. Мөн Монголын ноос ноолуурын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. 1989-1991 онд “Говь ХК”-д технолиогич инженерээр ажиллаж байсан.
"Бридж" группын мэдэлд “Сансар Бридж” ХХК, “Сэкитэй ” зоогийн газар, “Эн Ай Ти” ХХК, “Монгол шуудан транс” ХХК, “Монгол глобаль” транс ХХК, “Эдванс Хелд Интернэшнл” ХХК, “Эвридэй Интернэшнл” ХХК, “Эвридэй “ сүлжээ дэлгүүр, “Бридж констракшн” зэрэг компани байдаг гэсэн мэдээлэл байна. Түүний гэр бүлийн тухай мэдээлэл бусад улс төрчидтэй харьцуулахадтун нууцлаг байдаг. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
Н.Алтанхуягийн Засгийн газарт нүдээ олсон хэдэн томилгоо нэг нь Д.Ганхуягийг Уул уурхайн сайдаар томилсон явдал гэж олонх ярьдаг. Учир нь тэрээр сүүлийн жилүүдэд уул уурхайн асуудлаар дагнан ажиллаж, газар шорооныхоо төлөө нилээд дуугардаг болсон. Ялангуяа Оюутолгойн гэрээ ард түмэнд ашиггүй, ард түмнийг хуурах зорилгоор хийсэн болохыг илчлэн шүүмжилсэн цөөхөн гишүүдийн нэг. Тиймээс ч Оюутолгойн гэрээг ашиггүй гэж үздэг ард түмэн Д.Ганхуяг гишүүнийг Уул уурхайн сайд болоход ихэд баярласан гэдэг. Гэтэл сонгуулиас хойш даруй жилийн хугацаа өнгөрлөө, өнөөх оюутолгойн гэрээний асуудал бахь байдгаараа, одоо намрын чуулган эхлэхээр УИХ-аар яригдах юм гэсэн.
Сайдын суудлаа хүлээж аваад баяраа тэмдэглэхдээ Оюутолгойн гэрээг өөрчилж ард түмнийхээ өмнө ямар сайд болохоо харуулна гэж ам гарсан. Тэгээд ч Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно гэж албан бусаар мэдэгдэж байсан шиг санаж байна.
Уг нь тэрээр ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг Оюутолгойн ашиггүй гэрээг хийсэн гэж гурван удаа огцруулах бичиг өргөн барьж хэлэлцүүлсэн. Харин одоо бүх боломж нь нээгдсэн байхад Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол ухамсраараа огцрох ёстой. Мэдээж тийм ухамсаргүй бол ард түмэн өмнө хэлж ярьж байсныг нь сануулж байгаад огцруулна. Ийнхүү Д.Ганхуягийн хувь заяа Оюутолгойн гэрээн дээр дэнжигнэсээр.
Хэлсэн үгэндээ хянамгай, хийж буй үйлдэлдээ ч хариуцлагатай
Гурав дахь С.Ганхуяг бол их сургуулийн багш. ИЗИС-ийг компьютер программ хангамж мэргэжлээр төгссөн тэрбээр төгсөнгүүтээ өөрийн сургуульдаа урилгаар багшлахаар үлдсэн чадвартай нэгэн залуу. Одоо дөрөв дэхь жилдээ ажиллаж, олон шавь нарынхаа итгэл, хайр хүндлэлийг хүлээсэн багш болоод буй.
Увс аймгийн Өмнөговь суманд төрж өссөн энэ залуу аав ээж , эгч, хоёр дүүгийн хамт амьдардаг байснаа саяхан өрх тусгаарлаж, хөөрхөн охины аав болсон. Тэр ханьтайгаа арван жилийн жоохон хүүхдүүд байхаасаа үерхэж нөхөрлөсөөр өдий олон жилийн дараа тоонот гэрт толгой, тостой тогоонд хошуу холбож байгаа нь энэ. Үнэнч хайр дурлал гэж мөн ч агуу шүү.
С.Ганхуяг нөгөө хоёр Ганхуяг шигээ хувийн компани, банк, эдлэн газар, гурав дөрвөн машин байхгүй ч өөрийн гэсэн хашаа байшинтай, унах унаатай, өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун, хийж бүтээхийн төлөө, улам сайхан амьдралын төлөө зүтгэж буй эрч хүчтэй залуу.
Хэлсэн үгэндээ хянамгай, хийж буй үйлдэлдээ ч хариуцлага хүлээж чаддаг байх ёстой гэж тэр хэлэх дуртай, бас хэрэгжүүлж ч явдаг. УИХ-ын дарга болохгүй ч удахгүй олон түмний хүүхдийн хүндлэл хүлээсэн эрдэмтэн болох нь тун ойлгомжтой асуудал.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ