Хонхтой саадыг шатрын болгомоор, Г.Занданшатар чадахгүй л дээ

Урин цагт нийслэлийн шатар, даам сонирхогч зарим иргэн “Энхтайвны хонх”-ны гэх цэцэрлэгт өдөр өнгөрөөдөг сайхан уламжлалтай болоод удаж байна. Оюуны тоглоомоор наадан чөлөөт цагаа өнгөрөөхийг сайхан гэхээс өөрөөр илэрхийлэх үг алгагэхэд хилсдэхгүй байх. Есөн настай балчраас 93-тай эмээ хүртэл тоглодог газар л даа. Энхтайвны хонхны цохилуур модыг нь тайрчихаж. Бүр хөрөөдсөн байна билээ. Тэр ч дахин жингэнэхгүй байх аа. Жингэнэх ч гэж дээ, дүнгэнэхгүй л болов уу. Модыг нь сольчих сэтгэлтэн манайд лав байхгүй дээ. Нэг шог юмтай таарав. Сүсэг бишрэлдээ автсан хоёр хүүхэн хонхон дотор толгойгоо оруулаад их л сүслэн мөргөж байлаа. Сүм биш хонх шүү дээ. Одоо бодохноо, цохилуургүй хонхыг тэгж бодохоос ч яалтай.
Тэнд тоглодог хүмүүсийн дийлэнх ахмадууд харагдана. Тэд голдуу хүйтэн цементэн шал, шатан дээр сууцгаах юм. Хот тохижуулах газраас тавьсан хэдэн сандал овоо нэмэр болдог бололтой. Шатраа дундаа өрөөд, өөд өөдөөсөө хараад суусан улс ч байна. Зарим нь бүр зүлгэн дээр залраад өгчээ. Шатар, даамаа тоглож л байвал сандал, ширээ ч тэдэнд падгүй юм шиг. Гэхдээ тэгүүлмээргүй санагдана. Тэр хавийг бяцхан тохижуулаад, дундаа ширээтэй, хоёр талдаа сандалтай, шатарчид өөдөөсөө хараад суучихдаг болговол яасан юм бэ. Нэг их хөрөнгө гарахгүй шүү дээ. Нийслэлийн юм уу, дүүргийн холбогдох байгууллага санаачилга гаргавал болохгүй юм байхгүй.
Таван ширээ, 10 сандал байхад л бараг болоод явчихна. Явцын дунд нэмэн тохижуулж болох биш үү. Эхлээд авахад л учиртай. Шатарчид ч өөрсдөө хүч хавсрах нь лавтай. Түүгээр явж таарсан гадныхан тэдний зургийг ихэд сонирхон авдаг юм билээ. Тэдэнд лав таалагддаг биз. Тэгээд ч манайх уламжлалт шатартай дэлхийн цөөн орны нэг ш дээ. Шатар хаана үүссэн тухай маргаанд манайх Энэтхэгтэй туначихаад буй. ДШХ-ны Ерөнхийлөгч, ноён К.Илюмжинов нэгэнтээ “Шатар Монгол-Энэтхэгт үүссэн” гэжээ. Тэр зүгээр ч нэг Монголыг эхэнд нь хэлээгүй л болов уу. Ер нь тэрхүү цэцэрлэгийг шатрын болгон тохижуулахыг МШХ, түүний удирдлага Г.Занданшатар санаачлан хийвэл яасан юм бэ. Түүнд даанч тэгэх зүрх, сэтгэл байхгүй л дээ. Тэр чадахгүй.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ