Чингис бондын мөнгөний гуравны нэг нь зарцуулагдсан

Шинэчлэлийн Засгийн газраас Монгол улсад ажиллаж байгаа олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөл өгчид болон Улаанбаатар дахь дипломат корпусынханд зориулж Чингис бондын зарцуулалт, хөрөнгө оруулалтын асуудал, 2013 оны төсвийн байдлын талаар өчигдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн оны сүүлээр босгосон Чингис бондын 1.5 тэрбум доллараар зориулалтын дагуу зөвхөн бүтээн байгуулалт болон нэмүү өртөг бий болгоход зориулсан үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа юм.
Харин дээрх мөнгийг төсвийн алдагдлыг нөхөх болон нийгмийн халамжид зарцуулаагүй гэдгээ Засгийн газраас мэдэгдсэн билээ.
Харин бондын мөнгийг дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулж байгаа юм.
Таван толгойгоос улсын хил хүртэл төмөр замын ажил, зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил эрчимтэй явж байна. Улаанбаатар хотод гудамж төсөл хэрэгжүүлж олон гудамж, уулзварыг ашиглалтад орууллаа. Хурдны замын зураг төсөл болон бэлтгэл ажил дуусаад тавих маршрутыг тогтсон. Энэ сардаа багтааж Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл 33 километр замын ажил эхэлнэ. Монгол улс цахилгаан эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангаад цаашдаа эрчим хүч экспортлогч орон болох зорилтын хүрээнд Таван толгойн цахилгаан станц, тавдугаар цахилгаан станцын ажилд бондын мөнгөнөөс зарцуулж байна. Үйлдвэржилтийн чиглэлээр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэл, төмрийн хүдрийн нойтон баяжмалын үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан. Чингис бондын 1.5 тэрбум доллараас өнөөдрийн байдлаар гуравны нэг нь зориулалтын дагуу зарцуулагдаад үлдсэн мөнгө нь Монголбанкинд байршиж байгаа аж.
Харин төсвийн орлогын биелэлт эхний найман сарын байдлаар 94 хувь, зарлага, санхүүжилтийн төвшин 78 хувьтай байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар орлого 222 тэрбум төгрөгийн тасалдалтай, дутуу санхүүжсэн зарлагын санхүүжилт 830 орчим тэрбум төгрөг байна. Хэрвээ энэ байдлаар он дуустал орлогын тасалдал үргэлжилвэл жилийн дүнгээр төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасалдаж болзошгүй тооцоо гарчээ.
Тиймээс Засгийн газар энэ жилийн орлогын байдалтай уялдуулан зарим шаардлагагүй зардлыг бууруулж, төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг хоёр хувьд барих бодлогыг барих ажээ.
"Монголын мэдээ" сонин
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ