Тавдугаар сарын 15-наас халаалт зогсож, халуун ус хязгаарлана

Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 15-наас айл өрх, албан байгууллагуудын халаалт зогсож, дулааны шугам, тоноглолын засвар шинэчлэлийн ажил эхлэхээр болжээ. Энэхүү ажлыг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулах юм.
Засварын хүрээнд хэрэглээний халуун усыг тодорхой хугацаанд түр хязгаарлах бөгөөд эхний ээлжийн засвар тавдугаар сарын 15-наас 29-нийг дуустал 2, 3, 4, 6-р Бичил хороолол, Гандантэгчэнлин хийд, хуучнаар Эх нялхас болон МҮОНРТ орчимд хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Мөн ТБД Андууд, Гранд плаза, Кёзүшюзан тауэр орчмын хэрэглэгчид ч энэ хугацаанд хязгаарлалтад хамрагдах юм.
Засварын ажил 2025 оны наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд үе шаттайгаар бусад байршлуудад ч мөн халуун ус түр тасалж, шугам тоноглолыг шинэчлэх аж.
Нөгөө талдаа УИХ-ын даргын захирамжаар Эрчим хүчний хуулиудыг шинэчлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг, гүйцэтгэх баг "Дулааны эрчим хүчний тухай хууль"-ийн анхны төслийг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн удирдлагууд болон инженер техникийн ажилтнуудад танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулав.
Энэхүү хуулийн төсөл нь иж бүрэн зохицуулалттай, хүний эрхийг дээдэлсэн, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх стратегийн зорилтын хүрээнд боловсруулагдаж байгаа гэв. Хууль батлагдсанаар салбарын тогтвортой байдал хангагдаж, хөрөнгө оруулалт татах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, дулаан хангамжийн үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ