Б.БАТЦЭЦЭГ САЙДАА ХЯТАДАД МОНГОЛЫН ВИЗАНЫ НАЙМАА БАЙДАГ ГЭНЭ. ЭНЭ ҮНЭН ҮҮ?

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “GO MONGOLIA” уриатай “Монголд зочлох жил” болгон зарласан. Монгол Улс 2023 онд түүхэндээ хамгийн их буюу 651 мянган гаруй жуулчин хүлээн авч 1,3 тэрбум ам долларын орлого олсон. Хятад улс монголд ирсэн жуулчины тоогоороо тэргүүлж байна. 2024 онд монгол улс нийт 808,956 жуулчин хүлээж авсан. Ирсэн жуулчдыг Хятад, Орос, Солонгос Улсын жуулчид тэргүүлж байна.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос 2024 онд Хятадаас 220,000 жуулчин ирсэн гэсэн статистик мэдээлэл гаргажээ. Тэгвэл 2025 оны эхний 5 сарын байдлаар 158,692 жуулчин манай улсад айлчилжээ. Үүнээс 68.157 нь БНХАУ, 47695 нь ОХУ, 12.592 нь Солонгосоос ирсэн жуулчид байна. Солонгосын иргэд монголд визагүй зорчдог. Тэдэнд ямар нэгэн визаны хүндрэл, саад тотгор байхгүй. Харин Хятадын иргэд визатай зорчдог. Гэтэл монголд ирж байгаа Хятад, Өвөр монголын иргэд виза авах гэж нилээдгүй саад, даваа гүвээг давдаг гэнэ. Монголд 2-3 удаа зорчиж, виза авч байсан иргэдэд сүүлийн үед монголын консулын газрууд виза гаргахгүй, авч чадахгүй байгаа юм байна. Учир нь жуулчины визаар орж ирээд ажил хийх тохиолдол хятад иргэдийн дунд цөөнгүй гардаг тул тэднээс болж жирийн иргэд нь хэлмэгдэж байгаа юм байна. Өвөр монголчуудын хувьд ар монголд ирж өвөг дээдсийнхээ нутаг усанд мөргөж, сүсэглэн айлчлах гол зорилготой байдаг. Гэтэл виза авч чадахгүй байх тохиолдол нэлээдгүй гарах болжээ. Үүнийг далимдуулан монголын виза гаргаж өгнө гэх визаны наймаачид консулын эргэн тойронд гарсан байгаа гэнэ.
2030 он гэхэд жилд 2 сая жуулчин хүлээж авна гэсэн том зорилго тавьчихаад визаны асуудал дээр ингэж хөрш орны иргэд, мах цусны тасархай өвөр монголчууддаа дарамт болж байгаа нь үнэхээр харамсалтай.
Н.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ