Иргэн С.Билэгт хохирогч уу, “Эрос” хатагтайн нөхөр Г.Буяндорж хохирогч уу

“Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг бусдыг залилсан, онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр 461 дүгээр урьдчилан хорих төвд саатуулаад байгаа.

Түүний эхнэр болох дуучин Т.Ариунаа “Манай нөхөр хохирогч” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Гэсэн ч “Ноёд констракшн” компанийн захирал С.Билэгт гэх эмэгтэй мөн өөрийгөө хохирогч хэмээн ярилцлага өгсөн байдаг. Энэ хоёр буруугаа нэг нэгэндээ чихсээр байгаа бөгөөд адилхан хохирогч гэж ярьсаар байна. Тэдний хэн нь худлаа яриад байна вэ.

С.Билэгт: Г.Буяндорж олон сая төгрөг хулхидсан

-Тэр хүний амьдрах арга барил бусдаас өөр юм билээ. Нэг хүнд барилга байшин, бараа материал зардаг. Тэгээд түүнийхээ араас хэрүүл зарга үүсгэдэг. Миний хувьд 2011 онд Г.Буяндоржоос “Ноёд констракшн” гэдэг Сэлэнгэ аймагт бүртгэлтэй компанийг худалдаж авсан. Барилгын карказ төдий байхад нь худалдаж аваад 13 давхар орон сууц болгосон. Хөрөнгө босгоод дараагийн ээлжийн орон сууцаа бариад явсан. Гэтэл нэг өдөр Г.Буяндорж “Энэ миний компани” гээд хууль бус шийдвэрийг шүүхээс гаргуулаад ирсэн. Миний хувьд орон сууцны барилгыг 540 сая төгрөгөө бэлэн тоолж өгөөд авсан. Г.Буяндоржтой худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Газар нь 700 метр квадрат гэсэн гэрчилгээтэй ч өөр барилгын кадастр зураг байсан. Үүнийгээ янзалж өг гэхээр утсаа салгаад алга болчихсон. Тэгэхээр нь би газраа хөөцөлдөн байж кадастрын зургаа хийлгэсэн юм шүү дээ.

Г.Буяндорж дулаан, цахилгааны зөвшөөрөл авч өгнө гээд хэдэн арван сая төгрөгөөр нэмж хулхидсан. Бид аргаа бараад 110 сая төгрөгөөр бойлуур тавьж асуудлыг шийдэж байсан. Цахилгаанаа ч 210 сая төгрөгийн зардал гаргаж шийдсэн. Г.Буяндоржтой 2011 оны сүүлээр танилцсан. “Ноёд” групптэй хамтарч бизнес хийж байгаагүй.

Үүнээс гадна дуучин Т.Ариунаа гэдэг хүнийг зурагтаар л харсан. Нэг ч удаа уулзаагүй. Гэтэл сайтуудаар намайг мэддэг юм шиг, ажилтан байсан юм шиг бичүүлсэн. Г.Буяндоржийн гэр бүлд тусалж байсан удаа надад бий. Шүүхийн шийдвэрийнхэн “Скай тауэр”-ын 16 давхарт байрлах гэрт нь очоод шатаар дүүрэн хар хувцастай хүн зогсчихсон байсан гэдэг. Тэгэхэд Г.Буяндорж над руу “Цаана чинь Ариукагийн зүрх өвдөөд хэцүү байна. Шүүхийн шийдвэрийнхэн 60 мянган ам.доллар өгвөл явна гэнэ. Туслаач” гэсэн мессеж ирүүлсэн. Хичнээн хохирсон ч гэлээ эмэгтэй хүний нинжин сэтгэлийн үүднээс нягтлан бодогчоор өгүүлсэн. Ингэж нэг удаа аварч байлаа.

Т.Ариунаа: С.Билэгт гэж эмэгтэй их хэмжээний мөнгө шамшигдуулсан

С.Билэгт “Ноёд констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа их хэмжээний мөнгө шамшигдуулсан, залилангийн хэргээр шүүхээр нэг удаа шийтгүүлж байсан юм билээ.

Иргэдээс болон “Ноёд констракшн” ХХК-ийн мөнгө, хөрөнгийг залилан авсныг тогтоогоод хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Мөн Нийслэлийн ШШГЕГ-ын 404 тоот өрөөнөөс “Ноёд констракшн” ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамга тэмдгийг хулгайлсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгаж байгаа. Одоо Г.Буяндорж хохирогч болоод байна. Энэ эмэгтэй манай компанийн барьсан 808 айлын орон сууцыг булаачихаад байна. Бидний хөрөнгийг булаахын тулд хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллагыг ашиглан дарамтлах гэж улайрч байна шүү.

Бидний талаар мөнгө төгрөг төлөн асар их гүтгэлэг явууллаа. Манай нөхөр улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй, татвараа төлөөд яваа жирийн нэг бизнесмен шүү. Бидний хөрөнгийг булаах гэсэн С.Билэгт гэдэг эмэгтэй сэтгүүлч, цагдаа, шүүгч, зохиолч шиг ажиллах юм. Өөрийнх нь тухай нийтлэл гаргасан сайт дээр олон залуу дагуулан очиж дарамталсан байдаг. Өөрийнх нь талаар гарсан нийтлэлд ихэд эмзэглэн хүч хэрэглэдэг юм билээ.

Э.Пагма

СЭТГЭГДЭЛ БИЧИХ