Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг танилцуулав

ЦХИХХЯ-наас “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг танилцуулах эхний хэлэлцүүлгийг салбарын эрдэмтэн судлаач, их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагын төлөөллийн дунд зохион байгуулж, санал, байр суурийг нь сонслоо.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү энэ үеэр, “Манай улс хөгжлийн үзүүлэлтээрээ олон улсад 90-110 дугаарт эрэмбэлэгддэг бол цахим засаглалын хөгжлийн индексээр 46-д жагсаж байгаа нь харьцангуй сайн үзүүлэлт. Энэ амжилтаа хадгалж, стратегиа хэрэгжүүлвэл манай улс Төв Азид дижитал эдийн засгийн “баянбүрд” болох боломжтой. Их өгөгдөл, хиймэл оюуны стратегийг боловсруулахдаа бусад улсын туршлагыг судалсан. Хэчнээн сайн туршлага байгаад манай хөрсөнд буухгүй бол хэрэгжихгүй. Тиймээс манай улсын ялгарах онцлог ямар байхыг судалж, бодлогын баримт бичиг боловсруулахыг чухалчилсан” хэмээн тодотгов.
Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг энэ оны нэгдүгээр сараас боловсруулж, тухайн үед эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийнхний саналыг тусгажээ. Ийнхүү боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон төслөө салбарынхнаараа дахин нягтлан тунгааж байгаа нь энэ юм.
Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегид тусгасан онцлох заалтууд нь хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж дижитал эдийн засгийн шилжилтийг хурдасгах, их өгөгдлийг эргэлтэд оруулж “Мэдлэгийн гэр" бүтээх, хиймэл оюуныг ашиглан нийгэм, эдийн засгийн бүтээмжийг нэмэх, хиймэл оюуны дэд бүтцийн зах зээлд өрсөлдөж, дижитал өгөгдлийн зангилаа төв болох, ёс зүйтэй хариуцлагатай хиймэл оюуныг төлөвшүүлж, дижитал тэнцвэрийг хангах юм.
Тодруулбал, 2025-2026 онд дэд бүтцээ бэлтгэн, хууль эрх зүйн орчноо бүрдүүлж, хиймэл оюуны үндэсний зөвлөл, GPU claster AI төв, үндэсний өгөгдлийн их сан байгуулна. Мөн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийг 2027 онд судалгааны 100 сэдвээр зарлаж, 300 магистр, доктор, 1000 элч төлөөлөгч бэлдэнэ. Их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлийн стартап хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр бүс нутагтаа хиймэл оюуны бүтээгдэхүүний экспортыг 2030 он гэхэд хийхээр төлөвлөн, төв Азийн дижитал өгөгдлийн төв болж, олон улсын 2 дата төвтэй болохыг зорьж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ