Л.Гантөмөр: АН-ын зүгээс засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан намын дарга Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Тэрээр, "АН бол улсын эрх ашгийг нэгт, намын эрх ашгийг хоёрт, хувийн эрх ашгийг гуравт тавина гэж зорьж ажиллан. Ийм философиор хамтарсан Засгийн газрыг байгуулсан АН-ын даргын хувьд хэзээ ч урвахгүй гэж бодож байна. АН ч гэсэн энэ байр сууриндаа өнөөдрийг хүртэл байж чадсан.

МАН, АН-ын тодорхой нэр бүхий гишүүд нь эсрэг байдаг юм байна. Тиймээс хамтарсан Засгийн газрын асуудлаа эргээд ярилцъя гэж хуралдаж байгаа юм билээ. Ямар шийдвэр гарахыг нь бид хүлээж байна. Шийдвэрт нөлөөлөхийг хүсэхгүй байна. Монголчууд ядуу хэвээр үлдэх, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжихгүй үлдэх, Улаанбаатар хотын утаа хэвээр үлдэх юм бол энэ хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал байгаа юм.

Тиймээс, МАН өнөөдрийн хурлаараа Монгол Улсын эрх ашгийг бодож байна уу үгүй гэдгийг эргэж хараад, дүгнэлтээ гаргах байх.

Миний сонссоноор бол АН бэхжих юм байна, хамтарсан мөртлөө АН-ын гишүүд үг хэлээд байна гэдэг зүйлийг ярьж байгаа юм билээ. АН бол өөрөө ийм олон ургалч үзэлтэй нам. Өөрийнх нь засаг байсан ч манай намын гишүүд шүүмжилдэг. Манай намын гишүүд бол өөрийнхөө ерөнхий сайдыг шүүмжилдэг хүмүүс. 

Манай нам өнөөдөр ч өөрийнхөө өнгө төрхөөр байгаа юм. Үүнийг МАН-ын нөхөд ойлгож, хүлээж авч сурах хэрэгтэй. Түүнээс хамтарлаа гэдэг нь намын гишүүдийнхээ амыг барь гэсэн үг огт биш. Бид ийм хэлэлцээр хийгээгүй.

АН-ын улс төрийн зөвлөл бол хамтарсан Засгийн газрын үйл хэрэгт садаа болох шийдвэрт гаргаж байгаагүйг бүгд мэднэ. Түүнээс улсын эрх ашгийг нэгдүгээрт тавихгүй бол хамтарсан Засгийн газар тарах хэрэгтэй.

Улсын эрх ашгийг орхиод намын нэр хүнд, тодорхой хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байгаа бол цаашид ч ингээд явна.

АН зүгээс засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй. АН улсын эрх ашгаас хэзээ ч урвахгүй. Тиймээс бид байгуулсан гэрээний талд хатуу байр суурьтайгаар зогсож байгаа юм.

Ирэх жил эдийн засгийн либралчлал хийе, чөлөөт эдийн засгийн цогцлооё гэдэг гэдэг хөгжлийн төлөвлөгөөг бид оруулж ирж байгаа юм. Бизнес эрхэлж байгаа хүмүүс нь илүү амар тайван, татварын дарамтгүй, хүнд сурталгүйгээр байх эрхзүйн орчныг бүрдүүлье гэж өнөөдөр нийтийн албаны нотлогдохгүй байгаа хөрөнгийг хурааж авах хуулийг УИХ-д өргөн барьж байна.

Нийтийн албан хаагч, улс төрчид элдэв авлига дарамтаар хөрөнгөждөг байдлыг таслан зогсооё. Хөрөнгө нь нотлогдохгүй бол төр хурааж авдаг систем рүү оръё гэдэг зүйл рүү явж байна.

Гэхдээ бидний зарчим бол хүмүүсийг хэлмэгдүүлэхгүй, улс төрчид, нийтийн албан тушаалд буй авлига авч болзошгүй хүмүүст хязгаарласан зохицуулалт хийж байгаа юм.

Засаглалын хямрал болох нь тодорхой. Би бол АН-аас ард түмний эрх ашгийг нэгт тавьдаг байх гэсэн нэг л зүйлийг хүснэ.

Манай нам одоо инстутуци болох тийшээгээ явж байгаа. Өнгөрсөн хугацаанд АН дотроо хоёр хуваагдсан. Хоёр намын байртай, хоёр даргатай, хоёр тамгатай байсан. Ийм нөхцөл байдлыг давсан хүмүүст өнөөгийн байдлыг даваад л гарна".

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Уржигдар 07 цаг 41 мин