Монгол Улсын Ерөнхийлөгч Австрийн ерөнхийлөгчийг төв талбайд угтаж авна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийх Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен өчигдөр/2025.05.25/ Монгол Улсад ирсэн. Тэгвэл түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төв талбайд 10:00 цагаас албан ёсоор угтаж авах юм. Австри Улсын Ерөнхийлөгчийн анх удаа Монгол Улсад хийх тус айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Австрийн Хамтарсан тунхаглалыг байгуулах юм.
Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн талаас соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтсан байна.
Тухайлбал, Австрийн хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецбергер 2025 оны тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд Монголд айлчлан ирж, монгол уран бүтээлчидтай хамтран ажиллаж, “Сонгодог үдэш” тоглолтыг өнөөдөр УДБЭТ-д толилуулах юм.
Монгол Улс, Австри Улс 1963 оны долдугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж иржээ.
Хоёр улсын худалдааны эргэлтийг аваад үзвэл 2024 онд 39,53 сая ам.доллар байснаас 34,5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж, 5,03 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Австри улсад 2600 гаруй Монгол иргэд оршин суудаг бөгөөд 2024 оны байдлаар 200 орчим Монгол оюутан суралцаж байгаа юм. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт- 2100” хөтөлбөрийн хүрээнд тус улсад 6 оюутан Леобен хотын Монтанагийн их сургуульд суралцаж байна. Энэ жил 81 настай Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь 2017 онд Австри Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бол 2022 онд дахин сонгогдсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ