Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбатын дурсгалыг хүндэтгэх ёслол зургаадугаар сарын 3-нд болно

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальт, Даяар Дурсагдах Далай Даян Дархан Ж.Мөнхбатыг дурсаж, хүндэтгэл үзүүлэх ёслол зургаадугаар сарын 3-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Түүнчлэн, түүний дурсгалд зориулсан хөшөөг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд түр байршуулжээ. Уг хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урласан хүндэтгэл үзүүлэх үеэр нээлтийн ёслолыг хийх юм байна. Далай Даян Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны цээж баримлыг өмнө нь 2023 онд түүний төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд босгож байсан. Энэ удаа гэр бүл үр хүүхдүүдээс нь Улаанбаатар хотод байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна гэрэлт хөшөөг босгож байгаа аж. Хүндэтгэлийн үйл ажиллагааны хөтөлбөрт:
-
11.00-13.30 цагт. Нээлтийн ёслол. Их аваргын түүхэн замналын үзмэр
-
14.00.-17.00 цагт. Бэсрэг наадам зэрэг багтжээ.
Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дархан аварга Ж.Мөнхбат үндэсний бөх болон чөлөөт бөхийн төрлөөр тив дэлхийд гарамгай амжилт үзүүлсэн тамирчин юм. Тухайлбал, тэрээр Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. Ж.Мөнхбат агсан 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байв. Мөн үндэсний их баяр наадамд 1963-1967, 1974 онуудад зургаан удаа түрүүлсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД