Монголын говиос тираннозаврын шинэ төрөл олджээ

Эрдэмтэд өмнө нь шинжлэх ухаанд танигдаагүй тираннозаврын шинэ Khankhuuluu mongoliensis төрлийг нээжээ. 86 сая жилийн өмнө амьдарч байсан эл төрлийг T-Rex зэрэг аварга тираннозаврын өвөг байж магадгүй гэж үзэж байна.

АВС сувгийн мэдээлснээр, Khankhuuluu mongoliensis үлэг гүрвэлийн олдворыг 1970-аад оны үед Монголын говиос анх илрүүлж, махан идэшт алектозавр төрөлд хамруулжээ. Түүнээс хойш чулуужсан олдворыг судлаагүй байна.

Харин 2023 нод Канадын Калгаригийн их сургуулийн судлаач олдворыг шинээр судлах санаачилга гаргажээ. Учир нь үлэг гүрвэлийн хамар орчмын хөндий эрдэмтний сонирхлыг татжээ. Алектозавр төрөлд ийм хөндий байдаггүй аж.

Ийнхүү олдворыг дахин шинжилсний дүнд тираннозаврын шинэ төрөл болохыг тогтоож, Khankhuuluu mongoliensis гэж нэрлэжээ.

Science Alert порталд бичсэнээр, Khankhuuluu mongoliensis нь харьцангуй жижиг биетэй тираннозавр аж. Хоёр метр өндөр үлэг гүрвэл 750 кг жинтэй байжээ. Урт хөлийнхөө ачаар хурдан гүйдэг байсан ч гавлын ясны бүтцээс үзвэл тийм ч аюултай махчин байгаагүй байна. Эл төрөл нь 20 сая жилийн дараа гарч ирсэн T-Rex зэрэг аварга биетэй тираннозавр төрлийн үлэг гүрвэлүүдийн өвөг гэж таамаглаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ