Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Зандашатар:Иргэдийнхээ халаасыг тэмтрэх замаар биш төр өөрөө бүсээ чангалах зарчмыг баримтлах нь зүйтэй.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Зандашатар индэр дээр үг хэллээ.
Тэрбээр, "Монгол Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын ард иргэд ээ. Та бүхэндээ зуны тэргүүн сарын шинийн 16-ны улаан тэргэл сартай шөнийн мэндийг хүргэе. Юуны өмнө надад өндөр итгэл найдвар, хариуцлага хүлээлгэсэн, Ерөнхий сайдаар тохоон томилсон гишүүдэд талархал илэрхийлье. Засгийн газрын тэргүүнд нэрийг минь дэвшүүлсэн МАН-ын журмын нөхдөдөө, нэрийг минь УИХ-д өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд талархлыг хамтатган дэвшүүлье.
Шударга ёс, баялгийн тэгш хуваарилалт, мега төслүүд, бүсчилсэн хөгжил, шинэ сэргэлт зэрэг томоохон бодлого зорилт дэвшүүлж зохих үр дүнд хүргэсэн Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний тэргүүлсэн Засгийн газрын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Шинээр байгуулагдах Засгийн газар МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амжилт ололтыг улам бататгаж ажиллах болно. Мөн өнөөдөр УИХ-ын гишүүдийн хэлсэн, асуусан санал дүгнэлтүүдэд үндэслэн үйл ажиллагааны хөтөлбөрөө баяжуулна.
Геополитикийн эгзэгтэй цаг үе, тарифын дайн үргэлжилсэн нөхцөл байдалд Монгол Улсад эдийн засгийн болон гадаад бодлогод хүндрэл бэрхшээлүүд тулгарч байна. Түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалсан уул уурхайн цөөн тооны бараа бүтээгдэхүүнээс хэт хамааралтай манай улсын эдийн засагт хүндхэн сорилт тулгарах эрсдэл бий болсон. Тухайлбал, манай эдийн засаг сүүлийн 4 жил таван хувиар өсөж байсан бол 2025 оны эхний улиралд хоёр дахин буурлаа. Нүүрсний экспорт зогсонги байдалд орж, төсвийн орлого тасалдаж, гадаад валютын нөөц монгол төгрөгийн ханшид нөлөөлж, инфляц нэмэгдэх эрсдэлтэй байна. Эрчим хүчний эх үүсвэрт ч гэнэтийн эрсдэл бий боллоо.
Иймээс эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүсээд байна. Улсын эдийн засаг хүндхэн байгааг шуудхан хэлье. Иргэдийнхээ халаасыг тэмтрэх замаар биш төр өөрөө бүсээ чангалах зарчмыг баримтлах нь зүйтэй.
Төсвийн зардал ачааллыг нэмэгдүүлж байгаа цомхон чадварлаг төрийг бий болгох шаардлагатай байна. Үндэсний хороод болон үр ашиг муутай төрийн сангуудыг цэгцэлнэ. Төрийн өмчит компаниудын тоог цөөлнө. Хувьчлалыг эрчимжүүлж, засаглалыг сайжруулж, чадварлаг, үр өгөөжтэй байхуйц бүтцийн өөрчлөлтийг хийнэ.
Манай Засгийн газар хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг, ажил олгогч нарыг бүх талаар дэмжиж ажиллана. Тиймээс татвар, нийгмийн даатгалын сангийн цогц реформ хийж, иргэд, ААН-ийн татварын дарамтыг бууруулна. Шаталсан шударга татварын тогтолцоог бэхжүүлж, татварын бааз суурийг өргөтгөх арга хэмжээг авна. Түүнчлэн хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх бодлогыг баримтална. ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж, бизнесийн орчны хүндрэл бэрхшээлийг арилгана. Хүний хөгжил манай засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Ард түмний төлөө Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгоно" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ