Х.Нямбаатар тэргэнцэртэй иргэдийг хотын гудамжаар хоёр цаг түрж явжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Улаанбаатар хотын нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр нийслэлийн авто зам, явган хүний зам, нийтийн тээвэр, нүхэн гарц, барилга, байшингийн орц, гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ямар хүндрэл тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар санал солилцов.

Хотын дарга Х.Нямбаатар “Хоёр цаг гаруй нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, нийтийн унаа, барилга, байшингуудын орц, гарцаар тэргэнцэртэй иргэн түрж явлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулахад дутагдалтай зүйлс нэлээд ажиглагдлаа. Жишээлбэл, Багшийн дээдийн нүхэн гарцаар тэргэнцэртэй иргэн зорчиход хүндрэлтэй байна. Зарим хэсэгт явган хүний зам болон авто замын огтлолцол нь өндөр, намын зөрүүтэйгээс зорчиход саад учруулж байна.

Тиймээс нийслэлийн зүгээс одоогийн бодлого, төлөвлөлттэйгөө эдгээр ажлыг уялдуулж явган хүний замыг нэг стандарттай болгох, үйлчилгээний газруудын орц, гарцыг чанаржуулахад анхаарна. Мөн нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндрэл, саадгүй зорчуулахад чиглэл өгөөд зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтарч жолооч нарыг сургалтад хамруулна. Бид эхний ээлжид хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэйгээр Багшийн дээдийн нүхэн гарцыг иж бүрэн шинэчилнэ” гэв.

Уулзалт, аяллын төгсгөлд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцож, цаашид Улаанбаатар хотоос хэрэгжүүлэх ажлуудаа тэдний дэвшүүлсэн саналуудтай уялдуулж явахаа илэрхийллээ. 

Эх сурвалж: НЗДТГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ