Монголын жүдочид 93 орноос 15 дугаар байрт жагслаа

Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 13-20-нд болов. Тэмцээнд 93 орны нийт 556 (эрэгтэй 294, эмэгтэй 262) тамирчин өрсөлдсөн бол манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, М.Бундмаа, Б.Хишигбаяр нарын удирдлага дор 18 жүдоч барилдаж, хоёр хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин К.Ёолк хүрэл, эмэгтэйчүүдийн 63 кг-д Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганхайч хүрэл медаль хүртэж, тэд Монголын жүдо бөхийн баг тамирчдын ДАШТ-ий 32, 33 дахь медалийг эх орондоо авчирлаа.
Монгол Улсын баг тус тэмцээнээс хүрэл медаль хоёр, долоодугаар байрт хоёр тамирчин орсноор 93 орноос 15 дугаар байрт жагслаа. Монголоос жүдо бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальтан нь Д.Баттулга (1989 он) бол анхны мөнгөн медальтан нь О.Балжинням (1989 он), анхны алтан медальтан нь Х.Цагаанбаатар (2009 он) юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ