Хүүхэд олноор хордлогод орсон тул буруутай хүмүүст хатуу хариуцлага тооцох үүрэг өгчээ

“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх "Найрамдлын эрдэнэс" зуслангийн тавдугаар ээлжийн амрагч хүүхдүүдээс өндөр халуурах, гэдэс гүйлгэх, толгой эргэх, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан. Тэдэнд шаардлагатай эмчилгээ хийж байгаа бөгөөд тус зуслангийн үйл ажиллагааг түр зогсоосон.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонтой холбогдож нөхцөл байдал, хүүхдүүдийн эрүүл мэнд, эмчилгээний талаар тодруулж асуулаа.
Хүүхэд олноор хордлогод орсон нь хариуцлагагүй байдалтай холбоотой. Учир шалтгааныг яаралтай олж тогтоон буруутай хүмүүст хатуу хариуцлага тооцож ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа. Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилгаж, дахин ийм алдаа гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авахыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захиралд үүрэг болгов.
Энэ сарын 18-ны байдлаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт 19, мэдрэлийн тасагт 26 нийт 45 хүн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байна. Тэдний хоёр нь багш, дөрөв нь зөөгч, бусад нь хүүхэд бөгөөд биеийн байдал сайжирч байгаа гэдэг мэдээлэл өгөв.
Эх сурвалж: Засгийн газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ