Ерөө суманд гарсан ой, хээрийн таван түймрийг цурамд оруулжээ

ОБЕГ-аас гал түймрийн талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.23/ 11:00 цагийн байдлаар 24 түймэр бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн таван түймрийг цурамд оруулсан бол Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд тав, Ерөө суманд найм, Мандал суманд тав, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд нэг нийт 19 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Баттүвшин:
-Улсын хэмжээнд 13 аймгийн 70 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийтдээ 204 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 56 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 24 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 19 удаагийн ой хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар 5 түймрийг цурамд оруулсан. Ойрын гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 280 алба хаагч, 12 автомашин, мэргэжлийн ангийн 311 хүн, 24 автомашин нийт 591 хүн, 36 автомашинтайгаар ажиллаж байна. Түймэр гарсан газарт явганаар болон автомашинтайгаар хүрэлцэн очих боломжгүй байгаа учраас ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэх ажлын зохион байгуулж байна. Агаарын тухай хуульд зааснаар хуурайшилтын үе буюу түймрийн нэн аюултай үеийн хугацаа дууссан хэдий ч байгаль цаг уурын нөлөөлөл хэт халалттай зэрэг шалтгааны улмаас түймэр гаргах эрсдэлд хуурайшилт маш их байна. Иймд иргэд та бүхэн хөдөө орон нутагт аялал зугаалгаар явахдаа Онцгой байдлын байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмжийг мөрдөж ажиллахыг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ