ТАНИЛЦ: Хар тамхины эсрэг дараах ажлуудыг хийхээр боллоо

Засгийн газрын өнөөдрийн (2025.07.23) хуралдаанаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг сонсож, танилцжээ. Улмаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна. 

-УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг шуурхай эцэслэн боловсруулж, наймдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг ХЗДХ-ийн сайд болон ЗГХЭГ-ын даргад үүрэг болгосон байна. 

Ингэснээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судалж үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах, бусад объектив талыг харгалзаж, ялгамжтай байдлыг тогтоож, ял шийтгэлийг чангаруулах боломж бүрдэнэ гэж үзжээ. 

-Монгол Улсын хилээр мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэх асуудлыг таслан зогсоох, хязгаарлах зорилгоор Турк, Солонгос, АНУ, ОХУ, Тайланд, Вьетнам болон олон улсын бусад байгууллагуудтай хамтарч ажиллахыг ХЗДХ-ийн сайд болон Гадаад хэргийн сайдад даалгажээ. 

-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгийг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх наймдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг ХЗДХ-ийн сайд болон ЗГХЭГ-ын даргад даалгасан байна. 

-Мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх чиг үүрэг бүхий төвийг ЭМЯ-ны харьяанд байгуулах асуудлыг судалж, Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон, хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтыг шинэчлэн батлахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээний тархалтын тандалт судалгааг хийж, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайд, ХЗДХ-ийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. 

-Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр соёл, спортын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахыг ССАЖЗ-ын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. 

-Монгол Улсад ургадаг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх ургамлын тархцыг хумьж, бүрэн устгахыг үүрэг болголоо. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.189.86)
    Манай хэд энэ хар тамхины төрлүүдээ ядаж мэддэг болов уу? Монголд бол бүх төрлөөрөө байна. Харин хамгийн их хэрэглэгдэж байгаа нь мөс л байна даа. Олны танил, мөнгөтэй хүүхдүүд, шоудаж байгаа залуус гээд утгаа алдчихсан. Баарны гадаа land300 lx600 байнга зогсож байдаг тэнд дотор жинхэнэ наймаа явж байдаг. Тэгээд цагдаа нар алсаас ажиглаад хамгаалж байдаг. Асуудал үүсвэл цагдаа мэдээлэхэд зугтаад алга болдог. Яг ярих юм бол шүүх прокурор гээд бүгд л холилдчихсон. Сүлжээнд орчихсон байгаа. Матах юм бол шүүх цагдаа нараар дарамтлуулаад хэн ч биш гэдгийг ойлгуулчихсан болохоор хэн ч матахаа байсан. Гэхдээ улайм цайм наймаа болдог болоод удаж байна. Өмнө нь нууцаар авж нууцаар хэрэглэдэг байсан бол одоо ил нойлд машиндаа гээд хаа сайгүй л хэрэглэдэг болчихсон. Учир хэрэглэгч нараа мөнгөгүй болтол хамгаалдаг. Доор байгаа зарж байгаа хүмүүсийг бариад ямар ч нэмэргүй. Тагнуулынхныг хөдөлгөж гол хүмүүсийг нь барихгүй бол монгол аль хэдийн хар тамхиндаа живээд удаж байна. Хүүхэд чинь тийм юм сонирхдоггүй байлаа ч зүгээр л шархны наалт шиг наалт арьсан дээр нь наагаад эсвэл ус ундаа пивонд нь холиод л нэг хэрэглүүлчихсэн байхад хүүхэд чинь хүссэн хүсээгүй дахиж хэрэглэмээр болгож байгаад л нэг мэдэхэд донтуулчихна. Одоо л засгийн газар хөдөлж энэ бүх сүлжээний дээр байгаа бүх бохир шүүгч прокурор цагдаа нарыг барьж хорихгүй бол монгол улсаараа хар тамхичин залуусын нэг үе үлдэнэ шүү. Хамгийн эхлээд мөс буюу метамфетамин гэх хар тамхины ялыг нь маш ноцтой буюу бүх насаар эсвэл 15 жилээс дээш болго маш яаралтай. Ядаж өөрсдөө судалж чадахгүй байгаа бол урд хойд хөршийнхөө хуулийг хуулаад баталчих. Тэр хуулийг баталлаа гээд манайхаас хууллаа гээд шоолохгүй л байх. Харин иргэдийнхээ төлөө юм хийж байна л гэж харна.
    2025 оны 07 сарын 23 | Хариулах