Есөн “Ланд Круйзер 300”-ийн байтай “Их хурд”-ын эхний 10-ыг дахин хэмжинэ

Ирэх баасан, бямба, ням гаригт буюу 8-10-нд Хүй долоон худагт “Их хурд 10” хурдан морьдын уралдаан болох гэж байна.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоог үүсгэн байгуулсны 30 жилийн ой, шигшмэл хурдан хүлгүүдийн энэхүү уралдаан Монгол уяачдын баяр наадам болох юм.

Түрүү магнай тус бүрийг “Ланд Круйзер 300”-аар байлах энэхүү уралдаанд Азарга, Их нас, Соёолон, Хязаалан, Шүдлэн, Даага мөн Сонгомол дээд нас, Сонгомол дунд нас, Сонгомол бага нас гэсэн есөн насны морьд уралдана гэж зарласан.

"Мон-Уран"-ы Б.Наранхүү, "АПУ"-гийн П.Батсайхан,"Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ, "Шүтээн Эрдэнэ"-ийн захирал Э.Бат-Эрдэнэ гээд морьд дуртай, элэгтэй олон хүний сэтгэлийн дэмээр бай шагналыг аль хэдийн бэлдэж, Холбоондоо өгчихсөн гэдгээ мэдэгдсэн.  

1998 онд анхны “Их хурд” уралдаан Өвөрхангай аймгийн Хархорины Харганатын хөтөлд болоход “Мон Хангай” группийн ерөнхийлөгч Сэргэлэн “УАЗ-469” машинаар ивээн тэтгэн, байлсан түүхтэй. Тэрхүү цагаас хойш энэхүү нэр хүндтэй уралдаанд авто машин уламжлал шагнал болсон юм.

Уралдаанд оролцогчдод хандаж анхааруулга, зөвлөгөө гаргасныг танилцуулъя.

-ММСУХ-ны Хурдан морины уралдааны дүрмийг биелүүлэх үүрэгтэй

-Уралдаанч хүүхдийн тусгай зориулалтын хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойны хамгаалалт, эмээлтэй бол хүүхдийн гуталд таарсан хамгаалах хэрэгслийг тухайн морь, хүүхдийн биед тохируулж, аюулгүй байдлыг хангасан байх

-Уралдаанч хүүхдийн даатгалд  заавал хамруулсан байх

-Хурдан морийг 8 болон түүнээс дээш настай, морь унаж, давхиулж сурсан, бие эрүүл хүүхдээр унуулах

-Хүүхдийн төрсний гэрчилгээ, 16 нас хүрсэн бол иргэний үнэмлэхийг болон эрүүл мэндийн тодорхойлолт бүрдүүлсэн байх;

-Уралдаанч хүүхдэд морины зурхайд хүрч, зөвхөн гараа зохион байгуулах Ажлын хэсэг (ахлагч)-ийн дохиогоор морио эргүүлэх, морийг замын дундаас оруулахгүй, уралдааны замыг товчлохгүй, гүйцэж ирсэн моринд саад учруулахгүй, бусад хүүхэдтэй хүндэтгэлтэй харьцах талаар заавар, зөвлөгөө өгч ойлгуулсан байх

-Хүний биеийг гэмтээх эд зүйл авч яваа эсэхийг шалгах, тийм зүйл өгч явуулахгүй байх

-Уралдаанч хүүхэд тухайн морийг унаж уралдахаас татгалзвал албадахгүй байх, морь унуулах зөвшөөрлийг уралдаанч хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагчаас авсан байх

-Уяач олгосон дугаарыг уралдаанч хүүхдийн биед хойд, урд талаас нь харагдахуйц бэхэлсэн байна

Эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан анхааруулга:

-Хүүхдээ морь унуулахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн “Зөвшөөрлийн бичиг”

-хүүхдийн эрх аюулгүй байдлын гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан байх

-Эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

Уралдаанд бүртгүүлэх заавар:

1. Хурдан морины уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч,

морины эзэн, уяачтай хийсэн хүүхдийн эрх, аюулгүй байдлын гэрээ

2. Эцэг, эх, асран хамгаалагчийн “Зөвшөөрлийн бичиг”

3. Хүүхдийн төрсний гэрчилгээ, 16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх

4. Хүүхдийн эрүүл мэндийн тодорхойлолт.

5. Хурдан морины уралдаанч хүүхдийн даатгал.

6. Уяачийн иргэний үнэмлэх.

7. Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх.

Нэмж анхаарах зүйлс:

-Уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирсэн байх.

-Хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд тухайн уяачийн морийг уралдаанд оролцуулахгүй... гэдгийг Морин Спорт, Уяачдын Холбооноос мэдэгджээ.

Уралдах морьд ямар нэгэн мандатын эрхгүйгээр буюу нээлттэй уралдана. Мөн уралдаад ирсэн эхний 10 моринд хяналтын дахин хэмжилт хийх юм байна.

Үүнээс гадна хүчит 256 бөхийн барилдаантай. Одоогоор хэн хэн барилдах нь тодорхойгүй, бүртгэл эхлээгүй байна. Хөтөлбөрөөс харвал 8-ны баасан гаригт хүчит бөхийн 1-4-ийн даваа, харин ням гаригт 5-8-ийн давааны барилдаануудыг товложээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ